Өнгөрсөн оны аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнөөс хойш Улаанбаатар орчим тодорхойгүй угаар, газын үнэр хот даяар тархсан. “Очир дагинас” ХХК устгалд оруулах ёстой химийн бодисоо шугамын хоолой руу асгасан байж болзошгүй гэх хэргийг шалгаж, шүүхэд шилжүүллээ.
Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 55 минутад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Газ үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсан.
Тодруулбал, Улаанбаатар хотод тодорхойгүй “ХУРЦ ҮНЭР” үнэртэж, зарим байгууллага, цэцэрлэг, сургууль үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоож, энэхүү үнэр юунаас, хаанаас гарч байгааг тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтарсан шалгалт явуулж, тухайн нутаг дэвсгэрийн бохирын шугам хоолойд үзлэг шалгалт хийж байсан юм.
Энэхүү асуудалд Экологийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Э” ХХК нь үйлдвэрийн явцад түүхий эдээс гарсан аюултай хог хаягдлыг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зориулалтын бус газар болох Улаанбаатар хотын бохирын төв шугамд асгасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж, ажиллаа.