Тавантолгойн ордыг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх улс төрийн шийдвэр гарч, 1072 ширхэг хувьцаа хуваарилснаас хойш 10 гаруй жил өнгөрсөн ч монголчууд үр шимийг нь хүртэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл өнгөрч буй долоо хоногт олны анхаарлыг татсан нэг сэдэв бол 1072 хувьцааны ногдол ашиг.
Урьдчилсан байдлаар хоёр жилийн ногдол ашиг гэж нэг иргэнд 500 мянган төгрөг өгөх тооцоолол байгаа ч эцсийн шийдвэрийг компанийн төлөөлөн удирпах зөвлөл гаргах юм.
Монголын ард түмэн хувьцааг нь эзэмшиж буй Тавантолгой орд нь 6.5 тэрбум тоннын нүүрсний нөөцтэй. Тус ордоос төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн жилүүдэд 40-50 сая тонн нүүрс экспортолсны хүчинд сүүлийн нэг жилд Монгол Улсын төсвийн орлого давсны зэрэгцээ валютын нөөцийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Гадаад валютын албан нөөц 2023 оны арваннэгдүгээр сарын эцэст 4.3 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор, 2023 оны эхнээс 0.9 тэрбум ам.доллароор, өмнөх сарын эцсээс 0.3 тэрбум ам.доллароор тус тус өссөн үзүүлэлт юм” гэж мэдэгдсэн.
Тэгвэл иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй ногдол ашгийг хэзээ тараах вэ?
Сангийн сайд Б.Жавхлан, ногдол ашгийг зайлшгүй өгөх хэрэгтэй. Цаг хугацаа нь өдийд таарч байгаа. Үүнийг сонгуультай холбож, улстөржүүлж хэрэггүй. Дампуурахаа шахсан олон асуудлыг нь цэгцэлж, тус компанид бүрэн эрхт төлөөлөгч томилж оны эцсийн тайлан ч сайжирсан дүнтэй гарсан. Тиймээс үнэхээр эдийн засаг тогтворжвол иргэдэд ногдол ашгийг олгох хэрэгтэй гэсэн юм.
Өнгөрсөн онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн тайлбарласнаар бол “Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулснаар санхүүгийн байдал эрс сайжирсан. Тодруулбал, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулж, төсөвт гурван их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн. 2023 оны төсвийг төлөвлөхдөө 60 сая тонн нүүрс экспортод гаргана гэдэг тооцооллыг хийсэн байсан ч арваннэгдүгээр сарын 20-нд 62 сая тонн нүүрс экспортод гаргасан юм.