Одоогоос 1,800 орчим жилийн өмнө Ромын эзэнт гүрний цэргийн гартаа зүүж байсан металл хамгаалалтыг Шотландын мэргэжилтнүүд сэргээн босгожээ.
Ингэхдээ 100 гаруй хагарч, бутарсан хэсгийг эвлүүлэх замаар сэргээсэн байна.
Хамгаалалтын хуягийг 1906 онд Шотланд-Английн хилийн Мелроз хотын ойролцоох Тримонтиум гэдэг газраас хуульч, эртний эдлэл цуглуулагч Жэймс Кюрли анх олж байжээ.
Эхэндээ үүнийг мөр, цээжний хуяг гэж бодож байсан бол 1990-ээд оны үед л гарын хамгаалалт болохыг нь тогтоосон байна.
Сэргээн босгох ажлыг Эдинбург хот дахь Шотландын Үндэсний Музейн мэргэжилтнүүд гүйцэтгэжээ. Удахгүй үүнийг Британийн Музейд нээгдэх эртний Ромын армийн тухай үзэсгэлэнд зээлээр үзүүлэх юм байна.
Ийм гарны хамгаалалт Ромын цаг үеэс өнөөдөр ердөө гуравхан ширхэг үлдсэн байдаг. Эдгээрийн хамгийн сайн хадгалагдаж үлдсэн нь энэхүү Шотландын олдвор юм.
Ихэнх гарын хамгаалалт төмрөөр бүтээгдсэн байдаг бол сэргээсэн олдвор алтадсан чимэглэлтэй байснаас үзвэл өндөр албан тушаалтны эдлэл байсан бололтой.
“Энэ бол үнэхээр гайхалтай олдвор. Эндээс эзэн хүнийх нь аюулгүй байдал, нэр хүндийг мэдэрч болно. Ийм алтадсан чимэглэлтэй хуягийг зүүхэд гайхалттай гоёмсог харагддаг байсан нь дамжиггүй” гэж Шотландын Үндэсний Музейн эртний болон Ромын үеийн археологийн мэргэжилтэн, доктор Фрэйзер Хантер ярьжээ.
Нийтийн Тооллын 180 оны үед Шотландад Ромын засаг захиргааны эсрэг бослого үймээн гарч байсан юм. Тиймээс хамгаалалтын хуягийн эзэн энэ бослогын үеэр алагдсан байх магадлалтайг Хантер тайлбарласан байна.
Хуяг олдсон Тримонтиум хэмээх газарт Ромчуудыг буцахаас өмнө 2,000 орчим хүнтэй суурин байжээ.
Эх сурвалж: The Guardian