Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор хилийн боомтын хөдөлгөөн эрс нэмэгдэн хил, гаальтай холбоотой гэмт хэрэг, зөрчил өсөх хандлагатай болсон байна.
Энэ онд 182 орны 1 сая 200 мянга гаруй зорчигч, 29 орны 9 мянга орчим агаарын тээврийн хэрэгсэл “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтоор үйлчлүүлжээ. Үүнээс гадаад улсын 400, Монгол Улсын 131 иргэн зөрчлийн хэрэгт, гадаад болон монголын тус бүр хоёр иргэн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан байна.
Тиймээс тээврийн прокурорын газраас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий байгууллагуудтай хамтран зорчигчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэх ажлыг зохион байгууллаа.
Тодруулбал, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааг хилээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагаас эхлээд хилээр нэвтрэхэд анхаарах зүйлсийг монгол, англи хэл дээр бэлтгэн, хүлээлгийн танхим, хил, гаалийн хяналтын бүс, онгоцны тасалбар дээр “QR” хэлбэрээр байршуулах арга хэмжээг авчээ.