Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар өнөөдөр танилцууллаа.
Өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Экспорт өмнөх оноосоо 21.1 хувиар өсөхөд нүүрсний экспорт 2.4 тэрбум ам.доллароор буюу биет хэмжээгээрээ 37.8 сая тонноор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байгаа юм. Мөн газрын тос 123 сая ам.доллароор, лаазалсан махан бүтээгдэхүүний экспорт 122.1 сая ам.доллароор өссөн нь жин дарж байна.
Харин алтны экспорт өмнөх оноосоо 389 сая ам.доллароор буюу 35 хувиар буурчээ.
2023 онд экспортын барааны 92 хувийг уул уурхайн гаралтай, зургаан хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бүрдүүлж байна.