Өнгөрсөн онд Хятад улс автомашин экспортын хэмжээгээр Японыг гүйцэж, дэлхийд тэргүүлснийг өчигдөр нийтлэгдсэн Японы Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбооны (JAMA) тоо баримт харуулжээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын энэ салбар эрчимтэй хөгжсөн нь цахилгаан хөдөлгүүрт автомашины хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой. Эсрэгээрээ Японы үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлд болгоомжтой хандаж байгаа.
2023 онд Японы компаниуд 4.42 сая бүтээгдэхүүн экспортолсныг JAMA мэдээлсэн байна. Тэгвэл Хятадын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбоо саяхан тус улсын өнгөрсөн оны экспортын хэмжээ 4.91 саяд хүрснийг зарласан юм.
Хятадын гаалийн хороо үүнээс ч өндөр тоог зарлаад байгаа. Тухайлбал өмнөх оноосоо 57 хувиар өндөр буюу 5.22 сая автомашин экспортолсон тухай мэдээлжээ. Үүний гуравны нэг нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй байсан байна.
Хятад улс сар тутмын экспортын үзүүлэлтээр хэдийнээ Японыг даваад байсан юм. Харин өчигдрийн тоо баримт жилийн дүнгээр анх удаа илүү гарсныг харуулжээ.
Гэхдээ Тоёота тэргүүтэй Японы компаниуд дотооддоо үйлдвэрлэхээс гадна дэлхийн олон оронд үйлдвэрлэл явуулдгаараа Хятадын компаниудаас давуу талтай байна.
2022 онд Японы нийт үйлдвэрлэгчид мотоциклыг оролцуулалгүйгээр дотооддоо 7.84 сая автомашин, гадаадад бараг 17 сая автомашин үйлдвэрлэж байжээ.
Японы компаниуд бүрэн цахилгаан хөдөлгүүрээс илүү хосолсон (hybrid) хөдөлгүүртэй бүтээгдэхүүнд илүү анхаарал тавьсан хэвээр байгаа.
2022 онд Японы зах зээлд зарагдсан автомашинуудын ердөө 1.7 хувь нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй байжээ.
Харьцуулбал баруун Европт энэ хэмжээ 15 хувь, АНУ-д 5.3 хувь, Хятадад 20 хувь байдаг.
Гэхдээ Японы үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалтаа нэмэгдүүлэхээр шаргуу ажиллаж эхлээд байгаа. Тоёота компани л гэхэд 2026 онд 1.5 сая, 2030 онд 3.5 сая бүрэн цахилгаан автомашин борлуулахаар төлөвлөжээ.
Тус компани бас сүүлийн жилүүдэд батарейн технологийн судалгаанд ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа. Тухайлбал богино хугацаанд цэнэглэгдэж, илүү хол зай туулуулах чадвартай хатуу төлөвтэй батарейн бөөний үйлдвэрлэлд нэлээд анхаарал хандуулж байна.
Эх сурвалж: AFP