Өнгөрсөн жил АНУ болон БНХАУ-ын харилцаа хэцүүхэн өнгөрсөн. Тагнуулын бөмбөлөг, микрочипийн хориг болон зэвсэгт хүчний өрсөлдөөн нэмэгдсэн нь хоёр улсын харилцаанд илүү гүн сэв суулгасан юм.
Гэхдээ хоёр улсын удирдагчид өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сард уулзаж хэлэлцэхдээ АНУ, БНХАУ-ын харилцааг сайжруулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн.
Ши Жиньпин сүүлийн зургаан жилд анхны удаа АНУ-д айлчилснаараа тус уулзалт нь онцлог байсан билээ. Хоёр талын удирдагчид хэлэлцсэний дараа цэргийн шууд харилцаа холбооны систем, фентанил, хиймэл оюун ухааны салбар дээр тохиролцоонд хүрсэн юм.
Энэ оны хувьд шинэ сорилтууд гарч ирэх магадлалтай. Тун удахгүй болох Тайванийн ерөнхийлөгчийн сонгууль, АНУ-БНХАУ-ын худалдааны дайны үргэлжлэл нь харилцаагаа сайжруулах хүсэлтэйгээ илэрхийлсэн хоёр талын хувьд болгоомжтой алхам хийх ёстой сэдвүүд.
Тайванийн сонгууль
Ирэх бямба гарагт /2024.01.13/ Тайванийн иргэд ерөнхийлөгч болон парламентын гишүүдээ сонгоно. Ерөнхийлөгчийн сонгууль гурван хүн өрсөлдөж буй. Ардчилсан Прогрессив намын Лай Чин Тэ, Куоминтань намын Хоу Юүи, Тайванийн Ардын намын Ко Вэньжэ нар нэр дэвшсэн.
Лай Чин Тэ нь эрх баригч намаас дэвшигч бөгөөд санал асуулгаар тэргүүлж байгаа юм. Тэрбээр Тайванийн Дэд ерөнхийлөгчийн албыг одоогоор хашиж буй. Тус улсын ерөнхийлөгч Цай Инвэнь мөн Ардчилсан Прогрессив намын гишүүн билээ. БНХАУ-ын Засгийн газар Цай Инвэнь, Лай Чин Тэ хоёрыг салан тусгаарлагчид гэж үздэг.
Хоу Юүи нь Тайванийн гол сөрөг хүчний нам Куоминтаниас нэр дэвшигч, Лай Чин Тэн гол өрсөлдөгч. 1949 онд Хятадын ардын дайнд тус нам ялагдсаны дараа Тайваньд засгийн газар үүсгэсэн юм. Тус нам БНХАУ-тай илүү ойр харилцаа тогтоохыг дэмждэг. Гэхдээ Бээжингийн талыг баримталдаггүй гэж мэдэгдсэн. Хоу Юүи хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол Бээжинтэй хэлэлцээг дахин эхлүүлнэ гэж амлажээ.
Ко Вэньжэ Тайванийн нийслэл Тайпей хотын даргаар ажиллаж байсан. Тэрбээр Куоминтан намтай хамтарч Ардчилсан Прогрессив намтай өрсөлдөх хэлэлцээг хийж байсан нь тэр нь бүтэлгүйтсэн юм.
Өнгөрсөн жил санал асуулгаар Лай Чин Тэ илт илүүрхдэг байсан ч сүүлийн үед тав хүрэхгүй хувийн зөрүүтэй тэргүүлэх болжээ. Ийм учраас ирэх бямба гарагт болох сонгуульд Лай Чин Тэ, Хоу Юүи хоёрын хэн нь ч ялалт байгуулж магадгүй нөхцөл байдал үүссэн.
Тайваньд ямар нэгэн сонгууль болох үед АНУ, БНХАУ-ын харилцаа хурцдаж байсан түүхтэй. 1996 оны сонгуулийн өмнө БНХАУ тус улсын ойролцоо цэргийн сургуулилт хийж, үүний хариуд АНУ сургуулилтын бүсийн ойролцоо нисэх онгоц тээвэрлэгч хөлгөө илгээж байсан билээ.
Энэ удаагийн сонгуулиар ч гэсэн БНХАУ Тайвань үзүүлэх зэвсэгт хүчин, улс төрийн дарамтаа нэмэгдүүлж буй. Тухайлбал БНХАУ-ын Тайваньтай хийх дипломат харилцааг хариуцсан албаны дарга сонгуулийг энх тайван эсвэл дайн дайжны аль нэгийг нь сонгох ач холбогдолтой учир зөв сонголт хийх хэрэгтэй гэж хэлсэн. Мөн Ши Жиньпин шинэ оны мэндчилгээндээ Тайванийг эх газрын Хятадтай нэгтгэх нь зайлшгүй зүйл хэмээсэн. Зарим шинжээчид хэрвээ Лай Чин Тэ ялалт байгуулвал Ши Жиньпин мөргөлдөөн гаргахаас зайлсхийж, зэвсэгт хүчнээр үзүүлэх дарамтыг султгана гэж бодож байгаа юм.
АНУ Тайванийн сайн зэвсэглэх зорилготой байгаа. Харин Куоминтан намаас нэр дэвшиж буй Хоу Юүи батлан хамгаалах төсвийг нэмэгдүүлэхээс өөр аргаар аюулгүй байдлаар боломжтой гэж үзэж буй. Ийм учраас АНУ Лай Чин Тэ болон Ардчилсан Прогрессив намын сонгуульд ялалт байгуулахыг илүүд үзнэ гэж АНУ-аас Тайвань суусан Элчин сайд асан Дуглас Паал хэлжээ.
Гэхдээ АНУ-ын албан тушаалтнууд Тайванийн сонгуулийн асуудалд төвийг сахисан байр суурь илэрхийлж, БНХАУ-ын дургүйцлийг хүргэхээс сэргийлж байгаа. Тухайлбал БНХАУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Николас Бөрнс арван хоёрдугаар сард “Бидний чин хүсэл бол эдгээр сонгууль айлган сүрдүүлэлт, шахалт, хөндлөнгийн оролцоогүйгээр явагдах юм. АНУ эдгээр сонгуульд оролцоогүй, мөн оролцохгүй” гэж хэлсэн юм.
Дональд Трамп эргэн ирэх үү
Арван нэгдүгээр сарын 5-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн 60 дахь сонгууль болно. Тус сонгуулийн гол өрсөлдөгчид нь одоогийн ерөнхийлөгч, Ардчилсан намын гишүүн Жо Байден, ерөнхийлөгч асан Бүгд Найрамдах намын гишүүн Дональд Трамп юм.
Ирэх сонгуулиар Дональд Трамп дахин АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж буй. Вашингтон дахь “Stimson Center” нэртэй тинк танкын захирал Юн Сун “Ирэх сонгуулиар Трамп ерөнхийлөгчөөр сонгогдох нь хятадуудын хувьд хамгийн аймшигтай хар дарсан зүүд нь байх болно” гэж хэлжээ.
Трамп бүрэн эрхт хугацааныхаа үед БНХАУ-тай худалдааны дайн эхлүүлсэн. Тэрбээр хоёр улсын худалдааг шударга бус хэмээж 2018 оны нэгдүгээр сард Хятадын бараануудад гаалийн татвар тавих гэх мэт бусад арга хэмжээг авах хуулийн төсөлд гарын үсэг зурсан.
Энэхүү арга хэмжээг авснаараа Трамп шударга бус гэж үзэж байсан худалдааны тохиролцоо мөн оюуны өмчийн хулгайн асуудлыг шийдэх зорилготой байсан юм. АНУ-ын тавьсан татварын дараа БНХАУ-ын Засгийн газар Трампын захиргааг үндсэрхэг үзэлд автаж байна хэмээн буруутгаж, хариу арга хэмжээ авсан байдаг.
Худалдааны дайн 2019 онд даамжирч, 2020 оны нэгдүгээр сард хоёр тал хэцүүхэн хэлэлцээ явуулсны дараа анхан шатны тохиролцоонд хүрсэн юм. Тус тохиролцооны хугацаа 2021 оны арван хоёрдугаар сард дууссан. Трампын бүрэн эрх хугацаа дуусаж, Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж эхлэхдээ түүний тавьсан гаалийн татваруудыг цуцлаагүй юм. Харин ч БНХАУ-ын экспортод нэмж хяналт тавьж, холбоотон улсуудтайгаа нэгдэн Хятадтай өрсөлдөх болсон.
“Stimson Center” тинк танкын захирал Юн Сун хэлэхдээ “Хятадын удирдлагууд Байден дуртай биш ч тэр харилцаа холбооны дүрмүүдийг хүндэлдэг тул АНУ-БНХАУ-ын харилцаа доголдолтой ч гэсэн өрнөж байгаа. Харин Трампын дор урьдчилан таамаглах боломжгүй болно. Трампын удирдлага дор хоёр тал утга учиртай хэлэлцээ өрнүүлж огт чадаагүй. Харин ямар ч шалтгаангүйгээр нөхцөл байдал хурцадмал болсоор ирсэн” гэсэн юм.
Микрочипийн дайн
Байдены захиргаа БНХАУ-тай микрочипийн дайныг эхлүүлсэн. 2022 онд Байдены захиргаа АНУ-д үйлдвэрлэсэн микрочип болон микрочиптэй холбоо бүхий бараануудыг БНХАУ дахь хувь хүн, бизнесүүд АНУ-ын Засгийн газраас зөвшөөрөл аваагүй тохиолдолд худалдан авах боломжгүй болгосон юм.
Мөн 2023 оны нэгдүгээр сард Байдены захиргаа Нидерланд болон Японтой хэлэлцээ хийж тус хоёр улсыг микрочип үйлдвэрлэх технологийн экспортоо багасгах шийдвэр гаргахад хүргэж чадсан.
Нидерландын “ASML” компани нь хамгийн сүүлийн үеийн микрочипийн үйлдвэрлэхэд ашигладаг фотолитографийн сканнерийг үйлдвэрлэж чаддаг цорын ганц компани юм. Тус улсын экспортын хязгаарлалт 2023 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан эдгээр хязгаарлалт нь нэн чухал, суурь технологиудыг хамгаалах зорилготой гэж мэдэгдсэн байдаг. Харин БНХАУ-ын албан тушаалтнууд АНУ-ыг хүйтэн дайны үеийн тусгаарлах тактик ашиглаж байна гэж буруутгасан юм.
2023 оны аравдугаар сард АНУ микрочипийн хязгаарлалтыг чангатгаж, хуулийн цоорхойг нөхсөн нэмэлт өөрчлөлтийг танилцуулсан. Мөн 2024 онд дахин нэмэлт өөрчлөлт танилцуулж магадгүй. Учир нь АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга Жина Раймондо жил бүр дор хаяж нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулна гэж хэлсэн билээ.
Дээрээс нь Байдены захиргаа АНУ-ын орчин үеийн технологийг хууль бусаар олж авсан хэргүүдийг шалгах ажлын хэсэг 2023 онд байгуулсан. Хятад руу технологи хууль бусаар гаргасан гэх зөрчлийг тус хэсэг шалгаж байгаа юм. Энэхүү мөрдөн байцаалтын талаар Экспортын хуулийн хэрэгжилт хариуцсан туслах Мэттью С.Акселрод “Тусгай ажлын хэсгийн шалгалтын үр дүнд 2024 онд экспортын хуулийг хэрэгжүүлэх томоохон арга хэмжээ авна гэж найдаж байна” хэмээжээ.
Микрочип дээр тавьсан хоригийн эсрэг БНХАУ ховор металлын нийлүүлэлт дээр хязгаарлалт тавьж хариу арга хэмжээ авсан. БНХАУ нь дэлхийн ховор металлын хамгийн том нийлүүлэгч орон юм. 2023 оны долоодугаар сард Хятадын Засгийн газар галли болон германи металлын зарим бүтээгдэхүүнүүдэд экспортын хязгаарлалт тавьсан юм. 2024 онд АНУ микрочипийн хоригийн хуулиа чангатгаснаар хоёр улсын хооронд үүссэн худалдааны дайны байдал хурцадмал байдал улам л нэмэгдэнэ.
Үүнээс харахад 2024 онд АНУ, БНХАУ-ын харилцааг сорьсон хэд хэдэн томоохон үйл явдал энэ жил болох төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters, The Guardian, East Asia Forum,