Хонг Конгийн цагдаагийн байгууллага “Харааны бэрхшээлтэй өндөр настанг дээрэмдсэн байж болзошгүй” гэх үндэслэлээр 26 настай монгол залууг баривчилсан талаар БНХАУ-ын “Chine morning post” агентлаг өнөөдөр /2024.01.02/ мэдээлжээ.
Хэргийн талаар Хонг Конгийн зүүн дүүргийн байцаагч Жулиан Леунг хийсэн мэдэгдэлдээ, “Монгол Улсын иргэн 26 настай эрэгтэй нь Хонг Конгийн “Fortress Hill MTR” буудалд 67 настай хараагүй эрэгтэйн цүнхийг дээрэмдсэн нь камерт бичигдсэн.
Хохирогчийн цүнхэнд гар утас болон 3500 хонконг доллар (448 ам.доллар) бүхий бэлэн мөнгө, иргэний үнэмлэх нь байсан. Хэргийн сэжигтэн нь Хонг Конгод оршин суухыг зөвшөөрсөн түр үнэмлэхтэй байсан” гэж мэдэгджээ.
Харин энэ хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өгөөгүй байна.