40 гаруй жил хурцадмал харилцаатай байсны эцэст Иран улс төрийн өрсөлдөгч Египеттэй дипломат харилцаагаа сэргээнэ гэж найдаж байна.
Ираны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канаани Даваа гарnгт Тегеран хотноо “Тасним” агентлаг мэдээлснээр, “Яриа хэлэлцээ өнөөг хүртэл найдвар төрүүлж, хоёр орон санал зөрөлдөөнөө даван туулж, удахгүй дипломат харилцааны шинэ хуудас нээх сайхан замд явж байна” гэжээ. Харилцаагаа сэргээх нь хоёр үндэстэнд төдийгүй Исламын ертөнц, тэр дундаа Газын зурвасын мөргөлдөөний үед Палестинд ашигтай гэж Канаани хэлэв.
Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси, Египетийн ерөнхийлөгч Абдель-Фаттах аль-Сисси нар өнгөрсөн арваннэгдүгээр сард Саудын Арабын нийслэл Рияд хотноо болсон Исламын дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаа уулзсан юм.
Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хоёр улсын ерөнхийлөгчид өнгөрсөн үеийн санал зөрөлдөөнөө арилгаж, харилцаагаа хэвийн болгох үйл ажиллагааны төлөвлөгөөг тохиролцсон байна. Тэд өнгөрсөн долоо хоногт утсаар ярьж, Газын зурваст болсон сүүлийн үеийн үйл явдал болон үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар ярилцсан гэж Ираны ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
Тегеран, Каир хоёрын харилцаа сүүлийн 40 жилд хурцадмал байсан. Каир нь шиитүүд давамгайлсан Ирантай байнга өрсөлддөг суннит араб улсуудыг дэмжиж иржээ.
ЭХ СУРВАЛЖ: DPA INTERNATIONAL