Гэр бүлээрээ 40 улсад аялж, 44,000 км зам туулахаар төлөвлөсөн монгол гэр бүл 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр замдаа гарсан билээ. Тодруулбал, тэд Монголоос АНУ хүртэл машинтай аялах юм. Ингэхдээ дэлхийн 40 улсаар дайран өнгөрөх бөгөөд туулах нийт замын урт 44,000 км байна гэж тооцоолжээ.
Тэд дөрвүүлээ бөгөөд аав ээж нь хүүхдүүдээ дэлхий ертөнцтэй танилцуулах зорилго тээхээс гадна гэр бүлээрээ мартагдашгүй дурсамж бүтээхээр ийнхүү аялалаа эхлүүлээд сар гаруйн хугацаа өнгөрөөд буй. Тэгвэл тэд өчигдөр нийт замынхаа гуравны нэгийг туулаад байгаа тухайгаа цахим хуудастаа мэдээлжээ. Тэд аялахын зэрэгцээ Монголоо сурталчилж тэр дундаа дэлхийд ердөө 50 ширхэг үлдсэн говийн баавгай мазаалайгаа хамгаалахаар #savemazaalai нөлөөллийн ажлыг хийхээр төлөвлөсөн гэдгээ онцолж байсан юм.