Улаанбаатар хот зундаа өмхий үнэрт дийлдэж, цэвэрлэх төв болоод ажиллаж байгаа ажилчид нь ачааллаа даахаа больсноос хойш шинэ төв цэвэрлэхийг яаралтай барих ажил эхлүүлээд зургаан жил болж буй. Бүтээн байгуулалт нь гурван жилийн хугацаанд тэг зогсч, сүүлийн хоёр жилийн хугацаанд хятад ажилчдын тусламжтайгаар тодорхой хэмжээнд урагшлаад байгаа ч хугацаандаа ашиглалтад орох эсэх нь одоогоор тодорхойгүй. Тэгвэл бид шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажил ямар шатанд яваа, хэзээнээс барилгын ажил үргэлжлэхийг сурвалжиллаа.
ТӨВ ЦЭВЭРЛЭХ ДЭЭР АЖИЛЛАХ ХЯТАД АЖИЛЧИД ИРЖ ЭХЭЛЖЭЭ
Нийт 17,7 га бүхий одоогийн төв цэвэрлэх байгууламжтай хаяа залгаа шинэ төв цэвэрлэхийн байгууламжийн талбайд хэд хэдэн обьектын барилга болон бохир цэвэрлэх гүн цооногуудыг цутгаж дуусчээ. Өнгөрсөн жил арванхоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжилсэн төв цэвэрлэх байгууламжийн барилга дээр 400 гаруй хятад байрлаж ажиллаад нутаг буцаж. Манаачийн хэлж байгаагаар энэ жилийн ажил гуравдугаар сарын дундуур эхлэх байх гэв. Учир нь Зөвлөх хятад инженер болон барилга дээр ажиллах хэд хэдэн хятадууд ирсэн гэлээ.
Гадаа жавар тачигнаж, хүйтэн хавсарга куртка нэвт үлээх мэт үе боловч машинаас буусан даруйд цэвэрлэх байгууламжийн бохирын үнэр хамар сэртхийлгэнэ.
Үзэгдэх хүн манаачаас өөр байхгүй шинэ төв цэвэрлэх байгууламжийг хашааг гурван талд нь гурван манаач хардаг бөгөөд, хяналтын камераар бүтээн байгуулалт, хашаанд буусан барилгын материалыг хянадаг байна. Хашааг битүүмжилж, төмөр утсаар торлож түгжсэн бөгөөд зөвхөн барилгын материал буулгах тохиолдолд л хашаанд гаднаас хүн оруулна гэв. Гаднаас нь харвал хашааг нийт гурван хэсэгт зааглаж, нэг талд нь захиргааны дөрвөн блок барилга, түүний цаана найман ширхэг цэвэрлэх гүний цооног, залгаа цэвэрлэх байгууламжийн хэсэг болгожээ. Гүний цооног маш гүн бөгөөд цэвэрлэх процессын үндсэн хэсэг учир гаднаас хүн очих бүү хэл манаач нарыг ч тийш очихыг зөвшөөрдөггүй аюултай бүс аж.
Үнэр, ажиллах орчноос шалтгаалж дотоодынхон төдийлөн ажиллах дуртай биш байх. Гэхдээ байгаад байвал дасчихдаг юм даа гэдгийг ч манаач хэлэв.
Ямартай ч барилгад ашиглах зарим материал, ажиллах хүч нь ирж. Харин ажил нь чухам хэзээнээс эхэлж, ашиглалтад яг хэзээ орж хуучин төв цэвэрлэхийн ачааллыг бууруулах нь сонин.
ЦЭВЭРЛЭХИЙГ ХУРДАН БАРИВАЛ 2026 ОНД АШИГЛАЛТАД БҮРЭН ОРУУЛЖ МАГАДГҮЙ
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг 2020 онд эхлүүлсэн. Тухайн үед барилгын ажлыг 2024 онд дуусгаж, цэвэрлэхийг ашиглалтад оруулна гэдгийг албаныхан хэлж байсан. Гэвч төлөвлөгөө ёсоор болоогүй. Ажиллах хүчний тухайд асуудал байхгүй ч санхүүжилт болон бусад асуудлаас шалтгаалж ажил удааширч буй аж. Бүтээн байгуулалтад ажиллах хүч, тоног төхөөрөмжийн хувьд 100 хувь БНХАУ-аас импортлохоор болсон. Энэ жил Хятадаас өнгөрсөнтэй жилийнхтэй ижил 500 гаруй ажилтан, дотоодоос туслан гүйцэтгэх компаниудын 1000 орчим ажилтан ажиллахаар төлөвлөжээ. Монголын туслан гүйцэтгэгч компаниуд бетон, хайрга дайрга нийлүүлэх, барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах, харилцаа холбоо, цахилгаан, ус хангамж, ариутгал татуургын чиглэлээр ажиллаж байгаа аж.
Цаасан дээрх төлөвлөгөөг харвал цэвэрлэхийн барилгын ажил 2025 онд дуусч, 2026 онд бүрэн ашиглалтад орох гэнэ.
Гүний цооногуудын суурь цутгалт, захиргааны барилгын ажлын суурь рамууд боссон ч хийх ёстой гүйцэтгэлийн ажил талдаа ороогүй байна. Цэвэрлэхийн ашиглалтад орох хугацаа хойшлох тусам ойр орчимд амьдардаг иргэд нь гомдол гаргах нь ч ихэсч. Тус газарт айл өрх цөөн ч ах ахуй нэгж, хувиараа дугуй засвар болон сэлбэг худалдаа, машины эд анги зардаг хүн олон. Ойр орчинд нь ажиллаж байгаа хүмүүст тулгамдаж байгаа гол асуудал нь бохирын үнэр. Жилээс жилд үнэр нь улам хурц болж байгаагаас харвал одоогийн төв цэвэрлэх ачааллаа бүрэн даахаа больсон гэдгийг хэлж байлаа.
БАРИЛГЫН АЖИЛ БҮРЭН ДУУСВАЛ ТУРШИЛТЫГ ШУУД ЭХЛҮҮЛНЭ
“Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн нэгжийн зүгээс өгч байгаа мэдээллээр барилгын ажил дууссан даруйд туршилтын ажлыг эхлүүлнэ. Барилга угсралтын ажлыг анх баталсан графикийн дагуу гүйцэтгэж байгаа ч төлөвлөгөөт хугацаа нь хойшилсоор байгаа нь гол асуудал. Шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах хугацааг хойшлуулахгүй гэх ч жил бүр 1-2 жилээр хойшилсоор байгаа нь гүйцэтгэлтэй л шууд хамаатай гэх хариултыг өгсөн юм. Барилга угсралтын ажлыг 2023 оны аравдугаар сард дуусгаж, үүнээс хойш туршилт, сургалтын ажил хийх ёстой байсан.
Бохир усыг хүлээн авч хэрхэн цэвэрлэх, ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх, инженер техникийн ажилчдыг бэлтгэх гэх мэт ажил барилга дууссаны дараах жилийн хугацаанд үргэлжилнэ.
Тиймээс бүтээн байгуулалт 2027 оноос л ашиглалтад 100 хувь орж магадгүй аж. Утаа салхинд туугддаг бол Улаанбаатарчуудын бохирын үнэр агаарт тархаж, орчин цэвэр байхын аргагүйд хүрсэн нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны цэвэрлэх байгууламжийн хэсэгт төдийгүй 21 дүгээр хороолол, 5 шар, драгонд ч үнэртэж байна. Дулаан өдөр бол хот даяараа бохироо үнэртэнэ. Тэгэхээр төв цэвэрлэх байгууламжийн шинэ обьектууд хэзээ ашиглалтад орно тэр үед л хотын өмхий үнэр нимгэхэр нь. Гэвч хугацаа нь багадаа гурван жилийн дараа…