Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх ажлын хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас 2023 онд үйлдвэрлэгдсэн 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсон. Энэ ажлын хүрээнд эхний ээлжийн 35 автобусыг оны өмнө оруулж ирэн нэгдүгээр сарын 1-нээс үйлчилгээнд явуулж эхэлсэн бол өнөөдөр дахин 50 автобусыг оруулж ирээд байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 980 гаруй автобус явж байгаагийн 60 орчим хувь нь 12-оос дээш жил ашиглагдсан, ашиглалтын хугацаа нь дууссан автобуснууд. Тиймээс парк шинэчлэх ажлыг хийж байгаа бөгөөд үлдсэн автобуснуудыг ирэх хоёрдугаар сарын 1-ний өдөрт багтаан 50, 50 ширхгээр нь шалгаж, оруулж ирнэ гэж хотын захирагч Х.Нямбаатар мэдээлсэн.
50 автобус үйлдвэрлэх тутамд хилээр орж ирэхээс нь өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийх бөгөөд тэр хүртэлх эрсдэл, зардлыг үйлдвэрлэгч хариуцах аж. Мөн автобуснуудын баталгаат хугацаа 24 сар байх бөгөөд ашиглалтын арван жилийн хугацаанд үйлдвэрлэгчийн зүгээс найдвартай сэлбэг хэрэгслээр хангах үүрэг хүлээж байгаа юм.
Тус бүр нь 275.8 сая төгрөгийн үнэтэй эдгээр автобус 27 хүний суудалтай, 80 хүний багтаамжтай бөгөөд гаднаа гурав, дотроо таван камертай, суудлынхаа хажууд USB цэнэглэгчийн оролттой, хоёр давхар цантдаггүй цонхтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан аж.