Монголын сагсан бөмбөгт 1989 оныхон гэж бусад үеэсээ арай л илт тасархай нэгэн үеийн тамирчид бий. Тухайлбал, Б.Билгүүн, Т.Санчир, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин, Ц.Азбаяр, Б.Батжавхлан тэргүүтэй тамирчдыг нэрлэж болно. Тэдний амжилтын оргил үе 2014 онд тохиож, залуу насандаа Инчёоны Азийн наадмын шилдэг найман багийн нэгээр шалгарч байлаа.
Тухайн үед багийн хамгаалалт, довтолгооны гол ачааг Б.Билгүүн, Т.Санчир, О.Сэргэлэн гурав үүрэлцэж байсан гэхэд хилсдэхгүй. Дараа нь 2018 онд Жакартад ч, 2022, 2023 онуудад Азийн аваргын урьдчилсан шатанд ч тэд л ачааны хүндийг үүрэлцсэн.
2014 оноос хойш арван жилийн дараа өнөөх 1989 оныхноос ганц Б.Билгүүн шигшээ багаа ахлан талбайд гарлаа. Шигшээ багийн үе солигдож байгаа нь үнэн ч ганц тэмцээнд бүтэн багаар нь өөрчилж, огцом шийдвэр гаргасан нь цагаа олоогүй, багийн тэнцвэр алдагдсан гэлтэй. Залуучууд олон байх нь ирээдүйд тустай хэдий ч ирж яваа цаг гэсээр өнөөдрийн боломжит амжилтуудаа тавиад туучих шиг.
Ядаж Гуам шиг туршлага, залуу нас хоёроо зэрэгцүүлэн талбайд гаргасан бол гэж олон хүн бодсон нь лавтай.
Хятад, Гуамын эсрэг тоглолтод довтолгоо унасан үед Б.Билгүүн санаачлагыг гартаа авч байгаа харагдсан. Ядаж Т.Санчир байсан бол гэж халаглах сагсан бөмбөг сонирхогчид цөөнгүй байлаа. Т.Санчир урьдчилсан шатны нэг болон хоёрдугаар шатанд 16.4 оноо, 5.0 самбар, 3.4 оновчтой дамжуулалт дунджилж, бүх үзүүлэлтээрээ багийнхаа тэргүүлэгчдийн тоонд орж байв.
Өнгөрсөн жил Гуамын эсрэг Монголын баг сайн эхлэлийг тавихад Т.Санчир алдахаа мэдэхгүй шидэж, айхаа мэдэхгүй довтолж байсныг бүгд санаж байгаа биз. Түүнээс гадна нэгдүгээр шатны эхний тоглолтод Малайзыг эцсийн мөчид хожиход О.Сэргэлэн хуруугаа бэртээн байж бөмбөг тасалж, Т.Санчир амжилттай довтолж багаа хожилд хөтөлж байлаа.
Угаасаа М.Өлзий-Орших, Т.Ууганбаяр, Г.Ган-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ зэрэг холбогчдын цаг нь ирнэ. Гэхдээ хараахан болоогүй нь харагдсан. Энэ тэмцээнд ч биш оюутны универсиад, Азийн наадмаар туршлагагүй, түүхий байгаа нь илт байв. Хамгаалалт, довтолгоо, найруулга жигд, эсрэг багийн шахсан хамгаалалтаас гарчих чадвар залуучуудаас хомс үзэгдлээ. Гэтэл О.Сэргэлэнг хэрэгтэй үед шидчихдэг, багийнхаа довтолгоог хэрхэн найруулж, эсрэг багийнхаа хамгаалалтыг яаж сэтэлдэг гэдгийг монголчууд эчнээ мэднэ.
Дотоодын лиг, олон улсын тэмцээн гэдэг хоёр өөр түвшний сагсан бөмбөг гэдгийг та бүхэн харсан биз.
1989 оны шилдгүүдийн ид үе, шигшээ багт эзлэх байр суурь арай дуусаагүй байна. Монголын шигшээ багт хэсгийн тоглолтууд ч үлдсэн. Одоо шигшээ баг Япон, Гуамд зочлон эзэн орны багуудтай тоглохоос гадна эх орондоо Хятад, Японы шигшээ багуудыг хүлээн авна. Эдгээр тоглолтуудад 1989 оны шилдгүүд болох Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн нарыг “сүүлийн бүжиг”-ээ толилуулахыг харах хүсэлтэй хүн олон сагсан бөмбөг сониорхогчид байна.