“Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаар мэдээлэл өгөх уулзалт Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ)-т өчигдөр зохион байгуулагдлаа.
Энэ үеэр тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой зарим өөрчлөлтийн талаар ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр дараах мэдээллийг танилцууллаа.
Дээрх хуулиар шимтгэл төлсөн дээд хэмжээг өөрчилсөн. 2023 онд сайн дурын даатгуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх шимтгэл төлдөг байсан. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлснээр өөрчилж тогтоолоо.
Сайн дурын даатгуулагч нар бага шимтгэл төлж явсаар сүүлийн таван жилд маш өндөр шимтгэл төлдөг жишээ бий. Богино хугацаанд шимтгэл төлөлтөө нэмэгдүүлж, өндөр тэтгэвэр тогтоолгох нь шударга биш гэдэг агуулгаар бууруулж оруулсан.
Бүх даатгуулагч шударга тэгш эрхтэй байх ёстой.
Тусгай хуулиар Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ)-ийг нөхөн төлөхийг хориглоно.
Гэхдээ дараах тохиолдолд нөхөн төлүүлэх боломж бий. Тодруулбал:
- ААН, байгууллага нь тухайн даатгуулагчийн цалингаас авчхаад НДШ-ийг нь төлдөггүй тохиолдол бий. Энэ бол даатгуулагчийг хохироох асуудал тул зайлшгүй нөхөн төлүүлнэ.
- Хилс хэрэгт холбогдсон, ажлаасаа хууль бусаар халагдсан тохиолдолд шимтгэлийг нөхөн төлүүлнэ.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө Капитал банканд хадгалагдаж байгаад хохирсон асуудал бий. Иймд ямар арилжааны банканд нийгмийн даатгалын хөрөнгийг хадгалах талаар зохицуулалтыг хуульчилж өгсөн.
Тухайлбал нийгмийн даатгалын нийт хөрөнгийн хэчнээн хувийг нэг банканд хадгалуулахыг хуульчилсан гэсэн үг. Арилжааны банканд хадгалуулахдаа системийн ач холбогдол бүхий банкуудад байршуулна гэж заасан. Жижиг банкуудад хадгалахыг хориглосон.
Тус уулзалтын үеэр Капитал банкны маргаантай холбоотой асуудлын талаар сэтгүүлч асуув.
Сэтгүүлч: Капитал банканд хадгалагдаж байсан Нийгмийн Даатгалын Сан (НДС)-гийн хөрөнгө бүрдүүлэлт ямар шатанд явж байна вэ?
Сайд Х.Булгантуяа: Авлага маш их байгаа. Капитал банкнаас 68 тэрбум төгрөгийн авлагатай. Мөн Чингис хаан банканд авлага бий.
Эрх хүлээн авагчийн хувьд Капитал банкнаас нэлээд үл хөдлөх хөрөнгийг хүлээн авч байна.