Та дараагийн удаа Нэгдсэн Вант Улс руу нисэхдээ паспортоо цүнхэндээ аюулгүй үлдээж болно. Тус улсын нисэх онгоцны буудлууд хилийн хяналтын стандарт паспортын шалгалтыг орлож, зорчигчдын нүүр царайг таних шинэ технологийг “eGates”-д туршиж эхлэх гэж байна.
Технологийн туршилтыг энэ жилээс эхлэн Их Британийн нисэх онгоцны буудлуудад эхлүүлж магадгүй гэж Лондонгийн Таймс сонинд мэдээлсэн байна. Туршилтууд саадгүй явбал уг системийг орон даяар нэвтрүүлэх боломжтой. Их Британийн Хилийн цэргийн ерөнхий захирал Фил Дуглас “Нүүр царай танигч ашигласан “ухаалаг хил” хийхийг хүсч байгаагаа сонинд ярьжээ.
Их Британи 2024 оны эцэс гэхэд визгүй зорчдог бүх хүнд шаардлагатай дижитал аяллын зөвшөөрлийг нэвтрүүлж байна. Үүнээс гадна тус улс агаарын болон төмөр замын 15 боомт дээр 270 гаруй “eGates”-тэй болсон байна. “eGates” нь нүүр царай таних системийг ашигладаг боловч аялагчид паспортоо шалган нэвтрүүлэх цэг дээр шударсан хэвээр байх ёстой.
ПАСПОРТГҮЙ АЯЛЛЫН ИРЭЭДҮЙ
Дэлхийн томоохон нисэх онгоцны буудлуудад нүүр царай таних технологи нь уламжлалт паспортын шалгалтыг орлож байна. Австралиас гадна Дубайн нисэх онгоцны буудал биометрийн паспортын хаалгыг амжилттай нэвтрүүлсэн. Мөн Сингапурын Чанги нисэх онгоцны буудал 2024 онд бүх цагаачлалын шалган нэвтрүүлэх цэгүүдийг нүүр царайгаар таних ухаалаг хаалгаар сольж, паспортгүй болсон анхны олон улсын төв болно гэж өнгөрсөн есдүгээр сард зарласан.
Хэдийгээр АНУ-ын нисэх онгоцны буудлууд паспорт шалгах биометрийн хаалгыг туршиж эхлээгүй ч улс даяар гааль болон цагаачлалын шалган нэвтрүүлэх цэгүүдэд царай таних технологийг ашиглаж байна. Гэсэн ч хилийн хяналтын ажилтнууд зорчигчдын паспортыг нүүр царайтай хослуулан шалгадаг.
Шинэ технологийг ашиглаж байгаа нисэх онгоцны буудлуудад ч гэсэн аялагчид нэмэлт шалгалт хийлгэхээр хилийн ажилтан руу илгээсэн тохиолдолд биет паспортоо авч явах шаардлагатай болно.
НУУЦЛАЛЫН АСУУДАЛ
Аялагчдын дийлэнх нь нисэх онгоцны буудлын шалгалтыг хурдасгахын тулд биометрийг ашиглахыг дэмжиж байна. Зорчигчдын 75 хувь нь паспортын оронд биометрийн мэдээлэл ашиглахыг илүүд үздэг гэж агаарын тээврийн худалдааны байгууллага болох “IATA”-гийн 2022 оны судалгаагаар тогтоожээ.
Гэхдээ биометрийн технологи нь нисэх онгоцны буудлын үйл явцыг илүү саадгүй болгож чадах ч нууцлалын асуудал зарим мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. “UCLA”-д хувийн нууцлал, кибер аюулгүй байдлын тухай хуулийн багш Алекс Албен хэлэхдээ, “Ийм төрлийн програмын нууцлалын нэг гол асуудал бол өгөгдөл хэр удаан хадгалагдаж байгаа, түүнийг хууль сахиулах байгууллага эсвэл бусад гэрээлэгч зэрэг гуравдагч этгээдтэй хуваалцаж байгаа эсэх явдал юм” гэжээ.
Их Британийн засгийн газар аялагчдын биометрийн мэдээлэл, түүний дотор нүүр царай, хурууны хээг зэргийг хэр удаан хадгалах нь иргэн эсвэл аялагч эсэхээс хамаарна. 1981 оны Их Британийн иргэний харьяаллын тухай хуулийн дагуу Төрийн нарийн бичгийн дарга засгийн газрын виз болон цагаачлалын вэбсайтад заасны дагуу хувь хүнд Их Британийн паспорт олгох хүртэл нүүрний зургийг хадгалах эрхтэй.
АНУ-д Гаалийн болон Хилийн хамгаалалт Нэгдсэн улсын иргэдийн нүүр царайны сканнерийн зургийг ердөө 12 цагийн турш хадгалдаг бөгөөд энэ нь “Зөвхөн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор” гэж мэдэгджээ. Харин тус агентлагийн мэдээлснээр, харьяат бус хүмүүсийн дийлэнх нь Дотоодын аюулгүй байдлын яамны Биометрийн биеийн байцаалтын удирдлагын системд хамрагдаж, “орсон, гарсан эсэхийг биометрийн баталгаажуулалтаар баталгаажуулж, зургийг 75 жил хүртэл хадгалдаг” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: CONDÉ NAST TRAVELER