Сөүлийн метроны дөрөвдүгээр шугамын зарим вагоныг өнөөдрөөс эхлэн суудалгүй болгожээ. Энэ нь өглөөний оргил цагаар ачааллыг бууруулах туршилтын төслийн хүрээнд хийгдэж буй ажил юм. Ачааллын зэрэг, орчин тойрны талаар иж бүрэн шалгалт хийсний үндсэн дээр ийм шийдвэр гаргажээ.
Албаныхны мэдээлснээр 2023 оны гуравдугаар улиралд Сөүлийн метроны дөрөвдүгээр шугамын ачаалал дээд цэгтээ хүрчээ. Тодруулбал, хүчин чадлынхаа 193.4 хувьд хүрсэн байна. Харин долдугаар шугамын ачаалал 164.2, хоёрдугаар шугамын ачаалал 148.6 хувьтай байжээ. Эндээс дүгнэлт хийгээд дөрөв, долдугаар шугамын вагоныг суудалгүй болгоно гэж арваннэгдүгээр сард зарлаж байв.
Дөрөвдүгээр шугамын метронууд ихэвчлэн 42 суудалтай байдаг. Эдгээр 42 суудлыг буулгаснаар 12.6 метр квадрат талбайг чөлөөлж, ачааллын дээд хэмжээг 40 хувиар бууруулна.
Суудалгүй болсон тул аюулгүй байдлыг бодолцон үзээд эдгээр вагонд илүү бариул, тулах багана зэргийг суурилуулжээ.
“Ачааллыг бууруулахад суудал буулгах арга үр дүнгээ өгөх эсэхийг шалгасны дараа суудалтай метроны тоог нэмэгдүүлэх эсэхээ шийднэ. Хэрэв төсөл үр дүнтэй болвол суудалгүй метрог олноор нэмэхээр төлөвлөж байна” гэж албаны хүн хэлжээ.