“Boeing”-ийн гүйцэтгэх захирал Дэйв Калхаун 2024 оныг компанийн эргэлтийн жил гэж зарлаж байсан. 2024 он гараад долоо ч хоноогүй байхад бараг цоо шинэ онгоцонд томоохон осол гарснаар энэ таамаг үнэн болов бололтой. Дэйв Калхаун гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээж авснаасаа хойш хамгийн том сорилттой тулгарсан гэж үзэж байна.
Нэгдүгээр сарын 5-нд “Alaska Airlines”-ын “Boeing 737 Max 9” онгоц Портлэндийн нисэх буудлаас хөөрөх үед ослын хаалга нь салж унасан хэрэг гарсан. Нэг ч зорчигч гэмтэж хохироогүй. Гэвч чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай “Boeing” компани нэр хүндээрээ хохиров.
Дэйв Калхаун Мягмар гаригт болсон явдалтай холбоотойгоор бүх талын хурлыг зохион байгуулжээ. “Сүүлийн хэдэн жилд компани ахиц дэвшилтэй байгаа ч өдөр бүр анхаарал сэрэмжтэй байх ёстойг энэ үйл явдал санууллаа” гэж тэр хэлэв. Компанийн удирдах түвшний албан тушаалтнууд энэ долоо хоногт гадагшаа аяллаар явах ёстой байсан ч үүнийг нь цуцалсан байна.
2018, 2019 онд өмнөх “Max” загварын онгоцнууд осолдсоноор 346 хүн амиа алдсан. Энэ явдлын дараа Дэйв Калхаун гүйцэтгэх захирлын албыг хүлээж авчээ. “Max” онгоцыг ашиглалтад оруулахын тулд баталгаажуулах явцад албаныхныг хууран мэхэлсэн гэж Холбооны мөрдөн байцаагчид тухайн үед мэдэгдэж байв. Тэр цагаас хойш Covid-19 залгуулаад компани улам их бэрхшээлтэй тулгарчээ.
Хэдийгээр 2024 онд бүхнийг эргүүлэх ёстой байсан ч санаснаар болохгүй бололтой. “Boeing 737 Max 9”-ийн осол үйлчлүүлэгчдийн итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Компани өдгөө асар их хоцрогдлоо арилгаж, Хятадын компаниудад онгоц нийлүүлэхийн тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр хичээж байна. Нэгдүгээр сарын 5-ны осол эдгээр төлөвлөгөөнд саад болж магадгүй. Тэр дундаа “”Boeing 737 Max 7” онгоцонд гэрчилгээ авах үйл явцыг удаашруулж магадгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER