Лантуун дохио ТББ -ын хэрэгжүүлж буй “Ид шидийн орон” төсөл 2017 оноос эхлэн хэрэгжиж, улмаар жишиг загварыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлж ирсэн.
Ингэхдээ төслийг урт хугацаанд авч явах баг бүрэлдэхүүнтэй, орон нутгийн төсөвт урсгал зардал, хүний нөөцийн зардлыг тусгасан, газар болон дэд бүтцийг орон нутгаараа шийдвэрлүүлсэн байх зэрэг шалгууруудыг тавьсаар ирсэн.
Шалгуурыг хангасан Дундговь, Хөвсгөл, Хэнтий аймгууд байгаа бөгөөд одоо Говь-Алтай аймаг барилга угсралтын шатандаа явна.
Харин 2023 оноос эхлэн өдийг хүртэл олон аймгуудаас “Ид шидийн орон” төслийг орон нутагтаа барих хүсэлт тавьж байгаа ч урт хугацааны төсөл гэж төлөвлөлгүй сэтгэл хөдлөлөөр хандах, төслийг цааш авч явах баг бүрэлдэхүүн тодорхойгүй, хангалтгүй, орон нутгийн засаг захиргаатай хамтын ажиллагаа муу, тухайн төслийг илт улс төрийн ашиг сонирхлоор ашиглах зэрэг анхны зорилго үнэт зүйлээс хазайсан тохиолдлууд гарах болжээ.
Тиймээс “Лантуун дохио” ТББ 2024 оноос эхлэн хүсэлт гаргасан аймгууд бэлтгэл ажлаа бүрэн хангаж, итгэж болохуйц баг бүрэлдэх хүртэл 3 жилийн хугацаанд Ид шидийн орон төслийг өөр орон нутагт шинээр хэрэгжүүлэхгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.