Монголд дэлхийн нэртэй тамирчдыг авчирдгаараа олны танил болсон “Career Number”-ын дараагийн төслийн хүрээнд Японы нэрт хөлбөмбөгчин Мориока Кауру Монголд ирэхээр болжээ.
Тэрбээр энэ сарын 31-нд манай улсад хөл тавьж, 8-14 насны өсвөрийн 60 хүүхэдтэй таван өдрийн турш бэлтгэл хийх юм.
Бэлтгэлээс онцгойрсон цөөн хүүхдийг Япон руу футзалын бэлтгэлд хамруулахаар төлөвлөжээ. Энэ талаар сэтгүүлч Э.Амарсайхан “Япон бол хөлбөмбөгийн хөгжлөөр Азидаа төдийгүй дэлхийд дээгүүр ордог. Арлын оронд хөлбөмбөгөөр тодорсон тамирчныг эх орондоо авчирч байгаа нь манай хүүхдүүдэд олдож буй том боломж юм. Футзал буюу заалны хөлбөмбөгийн төрөл манайх шиг эрс тэрс уур амьсгалтай оронд илүү тохиромжтой.
Өнгөрсөн оны наймдугаар сард Италийн хөлбөмбөгийн холбооноос мэргэжлийн зургаан дасгалжуулагч манай улсад ирээд 120 хүүхдээс гурвыг нь сонгосон. Ирэх гуравдугаар сард сонгогдсон гурван хүүхэд Италид бэлтгэл хийж, авьяасаа улам хөгжүүлэх юм” гэж ярилаа.
Мориока Каурогийн бэлтгэлд хамрагдах хүсэлтэй хүүхдүүд “Career Number” хэмээх аппликэйшн суулгаад бүртгэлээ явуулах юм.
М.Кауро өдгөө 44 настай. Перу гаралтай япон эр 2012 оноос Японы футзалын шигшээ багт багтаж, одоог хүртэл замналаа үргэлжлүүлж байна. Японы футзалын лигт найман удаа аваргалж, дөрвөн удаа улирлын үнэ цэнэтэй тоглогч болсон нэгэн.