Өмнөд Солонгост хүн амын тоо буурахын зэрэгцээ хүйсийн тэнцвэр алдагдсан нь нийгмийн том асуудал болжээ. Сүүлийн 30 жилд шинээр төрсөн хүүхдүүдийн хүйсийн тэнцвэр алдагдсанаар тус улсын ганц бие, залуу эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс хамаагүй илүү болжээ. Үүний улмаас 1980-аад оны дунд үед төрсөн Өмнөд Солонгосын 700-800 мянган залуу өөрийн орны бүсгүйчүүдтэй гэрлэх боломжгүй болсон байна.
Өмнөд Солонгосын эрэгтэйчүүдийн тоо нэмэгдэх нь тус улсын нийгэмд асар их нөлөө үзүүлнэ гэж Сүүлийн 40 жилийн хугацаанд Зүүн Азийн хүн амын талаар өргөн хүрээтэй судалгаа хийсэн хүн ам зүйч тайлбарлав. Тус бүс нутгийн Хятад, Тайвань, Энэтхэг улсад үүнтэй төстэй хандлага ажиглагдаж байна.
Ихэнх улс оронд охидоос илүү олон хөвгүүд төрдөг. Тодруулбал, 100 охин тутамд 105-107 хөвгүүд байдаг. Төрөх үеийн хүйсийн харьцаа бараг тогтмол байна.
Хүйсийн тэнцвэргүй байдал нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү урт насалдаг биологийн хувьсалд дасан зохицсон байх магадлалтай.
Жил бүр эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин эмэгтэйчүүдээс өндөр байдаг. Иймд дээрх тооны хөвгүүд нөхөн үржихүйн насанд хүрэх үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоо ойролцоогоор тэнцдэг байна.
Төрөх үеийн хүйсийн харьцаа 1950 онд АНУ-д 105 байсан бол 2021 онд 105 хэвээр байна. Өмнөд Солонгост яг эсрэг буюу төрөх үеийн хүйсийн харьцаа нь 1950-1980 онд хэвийн хэмжээнд байсан бол 1985 онд 110, 1990 онд 115 болж нэмэгджээ. Харин 1990-2000-аад оны эхэн үе хүртэл өндөр түвшинд хэсэг хугацаанд хэлбэлзсэний дараа 2010 он гэхэд биологийн хувьд хэвийн хэмжээндээ орсон. Улмаар 2022 онд Өмнөд Солонгосын төрөх үеийн хүйсийн харьцаа 105 болж хэвийн хэмжээндээ их хүрсэн байна. Гэвч 1980-аад оны үеийн тэнцвэргүй байдал нь өнөөгийн солонгос залуусын гэрлэлтийн асуудлыг суурийг тавьжээ.
Өмнөд Солонгосын төрөх үеийн хүйсийн харьцаа 30 жилийн хугацаанд тэнцвэргүй байсан хэд хэдэн шалтгаан бий. Өмнөд Солонгост 1960-аад оноос эхлэн 20-30 жилийн хугацаанд төрөлт хурдацтай буурчээ. 1960 онд нэг эмэгтэйд зургаан хүүхэд ногдож байсан бол 1972 онд дөрвөн хүүхэд, дараа нь 1984 онд хоёр хүүхэд болж буурчээ. 2022 он гэхэд Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин 0,82 болж буурсан нь дэлхийн хамгийн багад тооцогдож байна. Хүн амын өсөлтийг тогтвортой хангахад энэ түвшин 2,1-ээс буурч болохгүй гэж үздэг.
Өмнөд Солонгосын хөвгүүдийг илүүд үздэг соёл нь олон жилийн туршид төрөлт буурсантай адил хурдан өөрчлөгдөөгүй. Наад зах нь нэг хүүтэй байх нь Өмнөд Солонгост, ялангуяа 21-р зууны эхэн үе хүртэл төрөлтийн сонголтод нөлөөлсөн хүчтэй хүсэл байв. Мөн төрөлтийн түвшин буурч байгаа нь асуудал үүсгэсэн байна. Эмэгтэйчүүд олон хүүхэдтэй бол ядаж нэг нь эрэгтэй хүүхэд байх магадлал өндөр байдаг. Хоёрхон хүүхэдтэй бол хүүтэй болох магадлал ойролцоогоор 25 хувь, харин эмэгтэйчүүд ганц хүүхэдтэй бол 50 хувь хүрэхгүй байна.
Гэр бүлүүдээ хөвгүүдтэй байлгахын тулд олон Өмнөд Солонгосын иргэд жирэмсний эхний үе шатанд ургийн хүйсийг тодорхойлох боломжтой арга техникийг хэрэглэх болсон. Өмнөд Солонгост үр хөндөлт нь хууль ёсны бөгөөд нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Үр хөндөлт нь тухайн үед гэр бүлд хүүхдийнхээ хүйсийг сонгох боломжийг олгодог аж.
Өмнөд Солонгост 1980 оноос эхэлж 2010 он хүртэлх хугацаанд хөвгүүд давамгай төржээ. Эдгээр хөвгүүд насанд хүрч, гэрлэх ханиа олоход сорилттой тулгарч байна. 1980-1990-ээд онуудад төрсөн хөвгүүд өдгөө гэрлэх насанд хүрч, гэр бүл зохиож эхэлсэн. Түүнчлэн ирэх 20 жилд илүү олон хөвгүүд гэрлэх насанд хүрнэ. Тооцож үзвэл 1980-2010 оны хооронд төрсөн 800 мянга орчим хөвгүүдэд Өмнөд Солонгост гэрлэх бүсгүй олдохгүй.
Энэ нь олон зууны туршид хүн гэрлэх ёстой гэж үзэж, гэрлэлт бүх нийтийн шинжтэй байсан нийгмийн соёлд аль хэдийн нөлөө үзүүлж байна. Өмнөд Солонгос улсын 2023 оны статистик судалгаагаар 19- 34 насныхны ердөө 36 хувь нь гэрлэх төлөвлөгөөтэй гэв. Энэ нь 2012 оныхоос 56 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм.
ГАДААД БҮСГҮЙЧҮҮДТЭЙ ГЭРЛЭХ
Цагаачлал нь Өмнөд Солонгосын хүйсийн энэ тэнцвэргүй байдлыг арилгахад тусална. Хүн ам зүйч Гай Абел, Наён Хэо нарын хийсэн судалгаагаар, Өмнөд Солонгосын засгийн газрын санхүүгийн тусламж нь Хятадын зүүн хойд нутгаас солонгос эмэгтэйчүүд болон Вьетнам, Филиппин, Зүүн Европын чинээлэг бус зарим улс орнуудаас гадаад эмэгтэйчүүдийг Өмнөд Солонгост цагаачлахад дэмжлэг болж байна.
Дээрх ганц бие залуус гадаад бүсгүйчүүдтэй гэрлэхгүй бол амьдрал, амьжиргаагаа ганцаараа авч явж, хөгжүүлэхээс өөр гарцгүй болно. Эс бөгөөд секс үйлчилгээний газрууд түлхүү байгуулагдсан Сөүл болон Өмнөд Солонгосын бусад томоохон хотууд болох Пусан, Дэгү дэх “ганц бие гетто”-д суурьшиж магадгүй. Ийм “гетто” нь Хятадын Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү байдаг Азийн бусад хотуудад аль хэдийн үүд хаалгаа нээн өргөжиж байна.
Биологийн хэвийн хэмжээнээс өндөр төрөх үеийн хүйсийн харьцаа нь Өмнөд Солонгосын нийгэмд үзүүлэх үр дагавар нь тус улсын өөрийнх нь бий болгосон асуудал юм. 20-р зууны дунд үеийн Өмнөд Солонгосын төрөлт өндөр байсан нь тус улсыг эдийн засгийн хувьд саатуулж байв. Нэг эмэгтэйд бараг зургаан хүүхэд ногдож байсан төрөлтийг бууруулах хөтөлбөр нь маш амжилттай болсон.
Өмнөд Солонгосын төрөлтийн шилжилтийн хурд нь илүү орчин үеийн гэр бүлийн норматив бүтэц рүү шилжсэн. Тухайлбал, нэг гэр бүлд хоёр орчим хүүхэдтэй, хөвгүүдийг илүүд үздэггүй гэсэн үг юм. Өнөөдөр төрөх үеийн хүйсийн тэнцвэргүй харьцаа нь өнгөрсөн үеийн зүйл юм. Өмнөд Солонгост эмэгтэйчүүд сурч боловсрох, ажил эрхлэх боломж илүүтэй, эрэгтэйчүүд дангаараа цалинтай байх дарамт багатай байдаг. 1980-аад оны сүүлчээс эхлэн Өмнөд Солонгосын засгийн газраас бэлгийн сонголтыг багасгах хүчин чармайлтыг амжилттай хэрэгжүүлсэн.
Хэдийгээр хөвгүүдтэй болох хүсэл тогтворжсон ч хүйсийн тэнцвэргүй байдал, ялангуяа гэрлэлтийн зах зээлтэй холбоотой урт хугацааны нийгмийн асуудал олон арван жилийн турш Өмнөд Солонгост хэвээр байх болно.
ЭХ СУРВАЛЖ: THE CONVERSATION