Өнгөрсөн 2023 оны есдүгээр сард нийтийн тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон бөгөөд олон санал гарсан талаар мэдээлж байв. Үүнээс онцлох сэдэв нь автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох. Тодруулбал, автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох талаар иргэдээс санал авч зорчих хөлсийг нэмнэ гэдгийг онцолсон.
Тус саналыг судалгаанд тулгуурлаж иргэдээс авсан бөгөөд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос автобусны тарифт өөрчлөлт оруулах хүсэлтээ Зам тээврийн яаманд хүргүүлж, яам баталж ИТХ-аар энэ долоо хоногт хэлэлцсэн байна.
Нийслэлээс автобусаар зорчих үнэ өөрчлөгдсөн шийдвэр батлагдсан эсэхийг асуухад, журмыг дөнгөж хоёр хоногийн өмнө зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Засварлах, тодорхой болгох зүйлс байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.
ҮНЭГҮЙ ЗОРЧДОГ ИРГЭД ӨДӨРТ 4-ӨӨС ДЭЭШ УДАА ЗОРЧВОЛ ТӨЛБӨР ТӨЛНӨ
Ямартай ч үйлчилгээний төлбөрийн хувьд 1000 төгрөгөөр нэг бүтэн өдөр зорчих эсвэл дөрвөн удаа зорчих эсэхийг шинэчилсэн зохицуулалтад нарийвчлан тусгахаар тооцоолсон байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн салбарт цогц өөрчлөлтийг зоригтой хийхээ оны өмнө илэрхийлсэн. Тухайлбал, нийтийн тээврийн алдагдлыг бууруулах зорилгоор автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгоно гэдгийг онцолсон.
Ингэхдээ зорчигч нэг удаа төлсөн 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих боломжтой. Энэ нь Улаанбаатарт өдөрт 2,8 сая зорчих хөдөлгөөн хийгддэг гэх судалгааг үндэслэсэн байна.
Харин өдөрт дөрвөөс олон удаа автобусаар зорчсон тохиолдолд дахин 1000 төгрөг төлөх зарчмаар иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх аж.
Гэхдээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүд үнэгүй зорчсон хэвээрээ байх бөгөөд оюутнуудын хувьд 2024 оныг дуустал автобусаар үргэлжлүүлэн үнэгүй зорчих юм. Харин үнэгүй зорчдог иргэд өдөрт дөрвөөс олон удаа зорчсон тохиолдолд мөн 1000 төгрөг төлж зорчихыг журамд тусгажээ.