Австрийн иргэн эмэгтэй өв залгамжилж авсан 25 сая еврогоо хэрхэн зөв зарцуулах шийдвэрийг гаргах иргэдийн зөвлөл байгуулахаар шийджээ.
Вена хотын оршин суугч, 31 настай Марлин Энгелхорн нийтдээ 50 хүнээс бүрдсэн зөвлөлд ийнхүү өв залгамжилж авсан хөрөнгийг нь зарцуулах эрхээ шилжүүлэхээр болсон байна.
“Би зүв зүгээр сууж байгаад ийм хөрөнгө өвлөж авсан. Засгийн газар ч үүнээс татвар авахыг хүсэхгүй байна” гэж тэр яагаад ингэх болсноо тайлбарлажээ.
Австри улс 2008 онд өв залгамжлалын татварыг цуцалсан юм.
Энгелхорн үүнийг шударга бус гэж боддог ажээ.
Тэрбээр Германы хими технологи, эм үйлдвэрлэлийн BASF компанийг үүсгэн байгуулагч Фридрих Энгелхорны удам юм. Түүний эмээ 2022 оны есдүгээр сард нас барахдаа их хэмжээний хөрөнгө өвлүүлжээ.
Эмээгийнх нь хөрөнгийн хэмжээг АНУ-ын Форбс сэтгүүл $4.2 тэрбум гэж тооцоолж байв. Энгелхорн өөрийгөө ийм их хөрөнгөөс хувь хүртэх гавьяагүй хүн гэж үздэг.
Тиймээс тэр эмээгээ амьд байхад өвлөж авсан хөрөнгийнхөө 90 хувийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулахаа зарлаж байжээ.
Өчигдрөөс эхлэн санамсаргүй түүврээр сонгогдсон Австрийн 10,000 иргэнд Энгелхорны урилга тараагдаж эхэлсэн байна.
Тэднээс насанд хүрсэн 50 хүнийг Good Council for Distribution нэртэй Энгелхорны хөрөнгийн зарцуулалтыг шийдвэрлэх зөвлөлд сонгох юм.
“Улс төрчид ажлаа хийхгүй, хөрөнгийг зөв зүйлд зарцуулах арга хэмжээ авахгүй юм бол би өөрөө үүнийг хийнэ. Олон хүмүүс амьдралаа залгуулахын тулд өдөр бүр хөдөлмөрлөж, олсон евро бүрээсээ татвар төлж байна. Үүнийг би эрх баригчдын алдаа гэж харж байна. Тиймээс иргэд өөрсдөө үүнийг засах ёстой” гэж Энгелхорн мэдэгджээ.
Зөвлөлд сонгогдсон иргэд энэ оны гурваас зургаадугаар сарын хугацаанд Зальцбург хотод болох хэд хэдэн хуралд оролцож, Энгелхорны өвлөсөн мөнгийг зарцуулах шийдлүүдийг хэлэлцэх юм байна.
Зөвлөлийн гишүүд хуралд оролцох бүрдээ 1,200 еврогийн замын зардал авах ба хүүхэд асрах, орчуулгын үйлчилгээгээр хангагдах гэнэ.
Зөвлөл хөрөнгийг хэрхэн зарцуулахыг бүрэн шийдвэрлэх ба Энгелхорн үүнд хориг тавих эрхгүй юм байна.
Харин олонхын дэмжлэгийг авсан шийдвэрийг хугацаандаа гаргаж чадаагүй бол зөвлөл мөнгийг Энгелхорнд буцаах ажээ.
Өв залгамжлалын татварыг цуцалснаас хойш 16 жил өнгөрсөн ч уг асуудал Австрийн улс төрийн хүрээнд маргаантай хэвээр байгаа.
Тухайлбал гол сөрөг хүчин Социал Демократ нам ийм татварыг буцаан сэргээх ёстой гэж үздэг байна. Харин одоогийн засгийн газрыг бүрдүүлэгч эвслийн гол нам болох Ардын Нам энэ санааг эсэргүүцдэг ажээ.
Эх сурвалж: BBC