Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Р.Жавзандорж Батцагаан дуганд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг хүлээн авч уулзан хамтран ажиллах санал тавьжээ.
Шинэ хамба Бурханы шашны сургаалыг иргэдэд зөв бөгөөд хүртээмжтэй хүргэхийг зорин ажиллаж байгаа тул лам хуврагууд, шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтран сард нэг удаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлэлцүүлэг хийх санал гаргажээ.
Бурханы шашны нэр томьёог орчин цагийн монгол хэлнээ оновчтой буулгаж толь бичиг гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Харин ШУА-ийн Түүх, угсаатны зүй, Хэл зохиол, Философийн хүрээлэнгийнхэн Гандантэгчэнлин хийдтэй өмнөхийн адил үргэлжлүүлэн хамтарч ажиллахаа илэрхийлж, эрдэм шинжилгээ, соён гэгээрүүлэх, сургалт гэсэн гурван үндсэн чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтжээ.