Австри эмэгтэй гэр бүлийн бизнесээсээ өвлөн авсан 25 сая еврог ард иргэдэд тарааж өгөх болсон байна. 31 настай Марлене Энгелхорн иргэдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл байгуулж өв залгамжилсан мөнгийг хэрхэн зарцуулахыг шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Энгелхорны гэр бүл химийн бодис үйлдвэрлэдэг “BASF” компанийг эзэмшдэг. Тэрбээр Австрид илүү тэгш татварын тогтолцоо бий болгохыг уриалсаар ирсэн байна.
Тэрбээр лхагва гарагт /2024.01.10/ хэвлэлийн бага хурал хийхдээ “Төрөөс 25 сая еврог маань нийгэмд хуваарилахгүй байгаа учир бид хуваарилах болно. Өв залгамжлалаас татвар авдаггүй учраас л надад ийм хэмжээний мөнгө бий. Засгийн газар нийгэмд баялгийг хуваарилах үүргээ биелүүлээгүй учраас надад ийм хэмжээний мөнгө байгаа. Би ертөнцөд төрөхдөө энэ гэр бүлд, ийм овогтой мэндэлсэн болохоор л ийм их мөнгө надад өвлөгдсөн. Засгийн газар баялаг надад тэгш бусаар өвлөгдөх бус нийгэмд хуваарилах үүргээ биелүүлээгүй учраас надад энэ мөнгө байгаа.” гэж хэлжээ.
Энгелхорн 50 хүнээс бүрдсэн иргэдийн зөвлөл байгуулна. Гишүүдийг бүрдүүлэхийн тулд 10 мянган оршин суугч руу захидал илгээж, тэднээс 50 хүн болон 15 орлогч сонгон авах юм. Тус зөвлөлд орохын тулд 16-гаас дээш насны Австри иргэн байх ёстой.