УИХ-ын намрын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр уг хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Монгол Улсад шүүхийн хяналтаас гадуур баривчлаад сулладаг гэсэн асуудал яригддаг. Мөн хорих ял байхгүй хөнгөн хэргүүд дээр хүнийг цагдан хорьж шалгаад байдаг гэх хоёр асуудлыг цэгцэлж байна.
Хууль хяналтын байгууллагууд дур зоргоор хүний эрхэд халдаж аливаа төрлийн баривчилгаа хийдэг асуудлыг хязгаарлахын тулд баривчлах үндэслэлийн тодорхой болгож байгаа юм.
Дийлэнх баривчилгааг хойшлуулшгүй гэсэн үндэслэлээр хийж байна. Хойшлуулшгүй гэдэг нь тухайн хууль сахиулагчийн дур зоргоор тайлбарлагдах үндэслэл байна гэдгээр улам тодорхой болгож, хөнгөн хэрэг дээр хүнийг цагдан хорихгүй болж байгаа.
- Хохирогч шууд энэ хүн гэмт хэрэг үйлдсэн гэж зааж байгаа үед
- Гэмт хэргийн газраас зугтаж байхад нь барьсан
- Гэмт хэргийн газарт ул мөр нь үлдчихсэн гэсэн гурван үндэслэлээр хүнийг хойшлуулшгүйгээр баривчилна.
Сураг ажиг, таамаг, үзэмжээр хүнийг баривчлахгүй гэдгийг тодорхой болгож байна” гэв.