Нийслэлийн 14 байршилд халиа үүсэж, үүнээс зургаад нь хүндрэл гарч буй талаар Хотын дарга Х.Нямбаатар Сэлбэ гол дээр ажиллах үеэр мэдээлэв.
Энэ өвөл голын ай сав газруудаар халиа үүсэх үзэгдэл эрт эхэлж, байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж байгааг албаныхан онцолсон.
Халиа үүссэнээс болж голын далан, гүүр, дулааны шугамд гэмтэл үүсгэх эрсдэл байгаа тул халиа тошин үүссэн байршлуудад Геодези усны барилга, байгууламжийн газраас шуурхай баг байнга ажиглалт хийж байна.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Хамгийн өндөр эрсдэл үүсгэж байгаа зургаан байршилд байнга ажиглалт хийж байгаа.
Сэлбэ голд өмнөх жилүүдийн дунджаас 20 орчим сантиметр илүү халиа үүссэн. Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга, байгууламжаас сувагчлах ажлыг зохион байгуулж байна.
Нэг, хоёрдугаар сард халианы оргил үе таардаг. Гуравдугаар сараас мөс хайлж эхэлснээр суулт өгдөг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Мөсийг хэт ихээр зөөвөл ирэх хавар хуурайшилт үүсэх магадлалтай учраас шаардлагатай тохиолдолд голын далан, гүүр эвдрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор сувагчлах ажил хийж байна” гэж ярилаа.