Ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зам, гудамж талбайд халтиргаа гулгаа ихээр үүсэж байгаа билээ. Үүнээс үүдэж машинтай болон явганаар зорчиход хүндрэлтэй байна.
Өнгөрсөн жилүүдээс илүү их халтиргаа гулгаатай байгаа талаар иргэд цахим орчинд шуугьж, зарим иргэдийн дунд зориулалтын давс болон бодис цацахгүй байна гэх хардлага байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор халтиргаа, гулгаа, зам талбайд хэрхэн ажиллаж байгаа талаар Сүхбаатар дүүргээс тодрууллаа.
Сүхбаатар дүүргээс, “БНХАУ-аас орж ирсэн цас хайлуулах бодисыг бид оройн 16:00 цагаас эхлэн цацаж байна. Нэгдүгээр сарын 10-нд цас бага хэмжээгээр орсноос үүдэн халтиргаа гулгаа нэмэгдсэн. Сүхбаатар дүүргийн хэмжээнд давс болон бодис тогтмол цацаж, зарим халтиргаанд давс, бодис нөлөөлөхгүй байгаа учир нэмэлтээр дайрга цацаж байгаа. Бид эрвийх дэрвийхээрээ замын халтиргаа гулгааг багасгахаар ажиллаж байна” гэв.
Шил мэт гөлгөр зам юунаас болж үүсэж байгаа талаар лавлахад, “Цас орсны дараагаар цасыг хусаж, давс болон бодис цацаж байгаа ч бидэнд зарим тоног төхөөрөмж хомс учир цасыг бүрэн цэвэрлэж чадахгүй байгаа. Бүрэн цэвэрлэгдээгүй цасан дээр нэмж цас орох үед халтиргаа нэмэгдэж байгаа” гэж нэмэлт мэдээлэл өглөө.
Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хот нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүд рүү шилжсэн юм. Тэгэхээр халтиргаа гулгаа, хот тохижилттой холбоотой асуудлыг дүүргүүд хариуцан ажиллаж эхэлсэн юм.
Нийслэлийн захирагчийн албанаас замын давс, бодис болон зам цэвэрлэгээний ажилтай холбоотойгоор мэдэгдэл хийв.
Тус мэдэгдэлд, “Зам талбайд шинээр орсон цасыг тэгшлэх ёстой бөгөөд үүний дараа бодисоо цацна. Давсаа цацсаны дараа тэгшлэх, хусах ажлыг хийж гүйцэтгэх хэрэгтэй. Бидний зүгээс давсыг ямар нэгэн өндөрлөг газарт 1-3 дахин цацах чиглэлийг дүүргүүдэд өгсөн. Ойрын өдрүүдэд заримдаа хөрсөн дээрээ -40 хүрч хүйтэрч байна, өмнө нь ингэж хүйтрэхээр бодис хайлахгүй тохиолдол гардаг байсан. Одоо тийм асуудал байхгүй. Хятадаас бодис оруулж ирсэн. Тэр бодис лабораторийн шинжилгээний үндсэн дээр асуудалгүй гэдэг нь баталгаажсан” гэж мэдээлсэн юм.
Харин өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр зам талбайн халтиргаа гулгааг арилгах асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар олон нийтэд мэдээлэл өгөв.
Тэрбээр “Оны өмнө БНХАУ-аас хүйтний нөхцөлд цаснаас үүдэлтэй халтиргаа гулгааг хайлуулах чадвар харьцангуй өндөр бодис 1,200 тонныг авахаар гэрээ хийгээд 200 тонн нь түрүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар Захирагчийн ажлын албаны мэдэлд ОХУ-аас 200, БНХАУ 1,200 гээд 1,400 тонн бодис ирсэн. Мөн гаднаас мэргэжилтнүүд авчирч, давс, бодисыг ямар хэмжээгээр цацах талаар сургалт авч байна” гэж мэдээлэл өглөө.
Гаднын улс орнуудад зам талбай дахь халтиргаа гулгаандаа, дөрвөн төрлийн бодисыг ашигладаг бөгөөд манай улс одоогоор “магни” гэдэг бодисыг худалдан авахаар судалж байгаа аж.
Одоогоор шил мэт гулгаатай замын шалтгааныг тайлбарлах хүн алга байна.