Сар шинийн баяр дөхөж, зах, худалдааны төвүүд олны хөлд хэдийнэ дарагджээ. Баярын бэлтгэл дан ганц хэвийн боов, ууцаар тогтохгүй. Хүүхэд хөгшчүүд, ах дүү, хамаатан садан гээд орсон гарсан, амар мэнд эрсэн хүнийхээ гарыг цайлгаад гаргадаг бичигдээгүй уламжлалтай.
Тэгвэл томоохон захууд болох Нарантуул, Хархорин, Бөмбөгөр, Алтжин, Хүчит шонхор зэрэг худалдааны төвүүд олны хөл ихтэй байна.
Баярын ширээний гол зоог болох ууцнаас эхлээд, тавгийн идээ, гарын бэлэг зэргийн эрэлт ихэсчээ. Эрэлтийг дагаад энэ жил хүнс, барааны үнэ ч өссөн байна. Тухайлбал, ууц 230-480 мянган төгрөгийн хооронд байгаа бол хэвийн боов 4600-6700 хооронд байна гэлээ. Гэхдээ томоохон үйлдвэрүүдийн хэвийн боов гараагүй байгаа бөгөөд гурил болон бусад орц найрлагаас шалтгаалж энэ жил цөөн тоогоор худалдаанд гаргаж болзошгүй гэв.
Үйлдвэрийн хэвийн боовнууд багцаар гарсан бөгөөд 15 ширхэг боов, нэг суурь еэвэнтэй хамгийн хямд багц 93-96 мянган төгрөг байна.
Харин цагаан идээний хувьд ааруул кг нь 25-65 мянган төгрөг, өрөм 15-25 мянган төгрөг, шар тос савлагаанаас шалтгаалж 10-25 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж.