Бямба гарагт Тайванийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө.
Энэ сонгуулиар тус арлын иргэд ерөнхийлөгчөөрөө тусгаар тогтнолын талыг баримтлагч Уилльям Лайг сонгожээ.
Өөрөөр хэлбэл Тайвань арлыг эх газрын Хятадаас тусгаарлах ёстой гэж үздэг Ардчилсан Дэвшилтэт Намын нэр дэвшигч гурав дахь удаагаа дараалан ерөнхийлөгчөөр сонгогдож байна.
“Манай улс зөв замаар урагшлах болно. Бид замаасаа буцахгүй, өнгөрсөн рүүгээ эргэж харахгүй” гэж Лай сонгуулийн дараа болсон хэвлэлийн хурал дээр хэлжээ.
Дараа нь тэр Тайпэй хотын гудамжинд цугларсан олон арван мянган дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ “Бид чадлаа. Бид гаднын хүч манай сонгуульд нөлөөлөхөөс сэргийлж чадлаа. Учир нь зөвхөн бид өөрийн ерөнхийлөгчөө сонгох ёстой гэж бид шийдсэн юм” гэсэн байна.
Сонгуулийн үр дүн Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг Бээжингийн эрх баригчдад том цохилт болж байгаа юм.
Хятадын тал өмнө нь Лайг илэрхийлсэн байр суурьтай нь холбогдуулан “салан тусгаарлагч” гэж нэрлэж байсан.
Гэхдээ сүүлийн үед тэр Тайвань арлыг албан ёсоор тусгаар тогтнуулахын төлөө тэмцэхгүй гэсэн байр суурь илэрхийлэх болсон юм.
Тухайлбал өчигдөр үг хэлэхдээ Лай “тусгаар тогтнол, Хятадтай нэгдэх хоёр хувилбарын алийг ч сонгохгүй” гэхдээ Тайванийн одоогийн статус квог хадгалж, Хятадын аюулаас хамгаална гэжээ.
Өчигдөр Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайванийн Хэрэг Эрхлэх Газар гаргасан мэдэгдэлдээ “эх орноо нэгтгэх ухаршгүй үйл явцад сонгуулийн үр дүн нөлөөлөхгүй, Ардчилсан Дэвшилтэт Нам арлын оршин суугчдын нийтлэг байр суурийг төлөөлөхгүй” гэж анхааруулсан байна.
Тайванийн хамгийн том түнш АНУ өчигдөр Уилльям Лайн ялалтад баяр хүргэжээ. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен арлын бат бөх ардчилсан систем, сонгуулийн системийг магтсан байна.
Блинкен бас Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг Вашингтон тууштай дэмждэгийг илэрхийлжээ. Түүний өмнө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ “Тайванийн тусгаар тогтнолыг Вашингтон дэмжихгүй” гэсэн нь Бээжингийн эрх баригчдыг тайтгаруулах мэдэгдэл болсон юм.
Уилльям Лай энэ сонгуулиар сонгогчдын 40 хувийн саналыг авсан нь гол сөрөг хүчин Коминтаны намын нэр дэвшигч Хоу Юү Ийг ялахад хангалттай байлаа.
2000 оноос хойш Тайвань арлын иргэд тусгаар тогтнолыг баримтлагч Ардчилсан Дэвшилтэт Нам, эх газрын Хятадтай найрсаг харилцааг эрхэмлэгч Коминтаны Нам хоёрын аль нэгийг сонгосоор ирсэн юм.
Өчигдөр бас тус арлын иргэд хууль тогтоох дээд байгууллагаа сонгосон байна. Энэ удаа олонх болж байсан Ардчилсан Дэвшилтэт Нам зарим суудлаа алдаж, сөрөг хүчнийхэн суудлаа ахиулсан ч аль нэг нам парламентад дангаар хяналтаа тогтоох боломжгүй болжээ.
Зарим ажиглагч сөрөг хүчин давамгайлсан парламент, Ардчилсан Дэвшилтэт Намын ерөнхийлөгч нь Тайванийн улс төрийг улам ээдрээтэй болгоно гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC