БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнд монгол тамирчин гялалзаж байна. Тодруулбал, Х.Болдсүх нь тус улсын лигт шалгаран тоглож байгаа хоёр дахь монгол тамирчин бөгөөд лигийг 3 онооны шидэлтийн хувиараа тэргүүлж байгаа юм. Мөн түүний хувьд өчигдөрхөн болж өндөрлөсөн Бүх Оддын тоглолтын 3 онооны шидэлтийн тэмцээнд түрүүлжээ. Х.Болдсүх Солонгосын иргэншилтэй бөгөөд нэрээ И Ген Хе болгож сольсон байна. Ингээд түүний тухай зарим мэдээллүүдийг хүргэе.
- БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лиг болох “KBL”-ийн шинэ тоглогч сонгон шалгаруулалт болж, монгол тоглогч Х.Болдсүх сонгогдсон. Тэрбээр драфтын наймаар “Чоньжү Эгис” багт оржээ. 2019 оноос “Ханянг” их сургуулийн багт тоглох болсон тэрбээр БНСУ-ын иргэншил авч, нэрээ И Ген Хе болгон сольсон байна.
- Монгол тоглогч Х.Болдсүх лигийн шинэ улирлыг гайхалтай тоглолтоор эхлүүлж, эхний дөрвөн тоглолтод дунджаар 20 оноог авчээ. Тэрбээр 2020 оны эхний улиралдаа 86 оноо авч, авсан оноогоороо эхний гуравт жагсч байна.
- Х.Болдсүх 11 нас хүртлээ Монголд эмээ, өвөөтэйгөө амьдарч байгаад Солонгост ээж дээрээ амьдрахаар болжээ. Солонгост ирсэнийхээ дараа “Сава” бага сургуульд элсч, улмаар сагсан бөмбөгийн багт нэгдсэнээр их спортын тамирчин болох гараагаа эхлүүлсэн байна. Түүнээс хойш “Палрёнг” дунд сургууль, “Масан” ахлах сургуулиудын сагсан бөмбөгийн багт тоглосон.
- Түүнд цөөнгүй багуудад тоглож, мэргэжлийн карьер эхлүүлэх боломж гарч байсан ч иргэншлийн асуудлаас улбаатай эрүүл мэндийн даатгал зэрэг бичиг баримтын хүндрэл тулгардаг байв. Хэдий тийм ч Х.Болдсүх өөрийн хүсэл мөрөөдлөө орхилгүй явсаар, сагсан бөмбөгийн ур чадвараа харуулж 2018 онд “Ханянг” их сургуульд элссэн байна.
- Тэрбээр 2018 оны аравдугаар сард Солонгосын иргэншилтэй болж, улмаар дараа жил нь анхны тоглолтоо хийжээ. Түүнийг “Ханянг” их сургуулийн багт ирснээр багийн тамирчид илт сайжирсан. Х.Болдсүх энэ талаар “Манай багийн гишүүд харилцаа сайтай нь багийн амжилтад эергээр нөлөөлдөг. Мөн бид нягт хамгаалалтаас хурдан довтолгоонд шилжих дээр ажиллаж байна” гэж ярьсан. Тэрбээр өөрийн хувийн амжилтынхаа талаар ярихдаа “Сагсан бөмбөг бол багийн спорт, багийнхны маань дэмжлэг, ойлголцлын нөлөөгөөр ийм амжилтад хүрсэн” хэмээн дурсчээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ