АНУ-ын ихэнх нутгаар хүйтэрч, олон сая америк хүний аж амьдралд нөлөөлөөд байна. Тодруулбал, Арктикийн шуурганы улмаас дөрвөн хүн амиа алдаж, баруун хойд зүгт хэдэн арван мянган хүн цахилгаангүй болжээ.
Улсын хэмжээнд дунджаар хасах 17 хэмээс илүү хүйтрэхийг цаг уурчид анхааруулж байна. Харин Монтана, Дакота мужид хасах 56 хэм хүрэх төлөвтэй байна. Хүйтний урсгал Техасын хойд хэсэг хүртэл урагшлах аж. Хүн хэдхэн минутын дотор л хөлддөг учир Өмнөд Дакотагийн Олон нийтийн аюулгүй байдлын хэлтэс иргэдийг гэртээ байхыг уриаллаа.
Нью-Йоркийн Буффало хотод 1-2 фут цасны зузаан 30-60 см хүрэх төлөвтэй байгаа тул Үндэсний хөлбөмбөгийн лигийн плей-оффын тоглолтыг хойшлуулжээ.
Орегон мужид хүчтэй салхи, цас, мөсний улмаас цахилгааны шугамд гэмтэл гарч 120 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж тоггүй болсон. Портландын төвийн хамгийн том бохир усны хоолой хөлджээ.
Мичиган, Нью-Йорк, Пенсильвани, Висконсин мужуудад ч бас олон арван мянган айл өрх цахилгаангүй байна. Эрчим хүчний тасалдлаас урьдчилан сэргийлэхийн тулд цахилгаанаа хэмнэхийг эрх баригчид уриалав. Эрс тэс цаг агаар гэнэт эхлээд, төсөөлснөөс илүү удаан хугацаанд үргэлжилж байгааг мөн хэллээ.
Эх сурвалж: AP