“Давос 2024” 54 дэх удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулган энэ сарын 15-19-ний өдрүүдэд үргэлжилж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд Украины энх тайвны томъёоллыг тусгайлан хэлэлцлээ.
Украины энх тайвны томъёоллын талаарх үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн дөрөв дэх уулзалтад 80 улс, олон улсын нэг байгууллага, оролцов. Дээрх 80 улсад Европын 39, Азийн 18, Африкийн 12, Өмнөд Америкийн зургаа, Хойд Америкийн гурав, Далайн хоёр орон багтаж байна. Мальтад болсон өнгөрсөн удаагийн уулзалтад 66 улсын төлөөлөгч оролцсон.
Энэ уулзалт нь 2022 оны долдугаар сард Луганод болсон Украины сэргээн босголтын бага хурлаас хойш Швеайцарьт болж буй хоёр дахь том хэмжээний арга хэмжээ юм.
Украины энх тайвны төлөвлөгөөний 10 зүйлийг үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн түвшинд 10 ажлын хэсэг хэлэлцжээ. Швейцарь улс цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, дайныг зогсоох асуудлаарх ажлын хэсэгт багтаж байна. 10 зүйл бүхий энхийн төлөвлөгөөнд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийг бүрмөсөн гаргах, дайны гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага тооцох зэрэг багтжээ. Уг төлөвлөгөөг барууны холбоотнууд дуу нэгтэй дэмжсэн юм.
“Украины энх тайвны томъёололд суурилсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэгдэж буй улс орнуудын тоо тогтвортой өсч байгаа нь сайны илрэл. Дэлхийн өмнөд хэсгийн улс орнуудын оролцоо нэмэгдэж байна. Эндээс Европ дахь мөргөлдөөн бүх хүн төрөлхтөнд сорилт болж буйг харж болох нь” гэж Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак хэллээ.
Тэрбээр илтгэлийнхээ үеэр Оросын сүүлийн үеийн довтолгоонуудыг онцлоод, Украины арми эзлэгдсэн газар нутгийнхаа 50 хувийг эргүүлэн авсан гэв. Мөн ОХУ-ын Хар тэнгисийн флотын хүчин чадлын тавны нэгийг устгасан гэлээ.
Эх сурвалж: THE KIYV INDEPENDENT