“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.
–УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг одоогийн байдлаар хэчнээн иргэн эзэмшиж байна?
-Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 81.5 хувийг төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, 18.44 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэд, үлдэх 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн тодорхой хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх зорилгоор 2010 онд УИХ-ын 39 дүгээр тогтоол батлагдаж иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2.5 сая иргэн уг хувьцааг эзэмшиж байна. Гэтэл өнөөдөр Монгол Улсын хүн ам 3.4 саяд хүрчихсэн байна.
2020 оны байдлаар тус компанийн хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо:
Өөрөөр хэлбэл, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэд хувьцаа эзэмшээгүй ийм нөхцөл байдал үүсээд байна. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр газрын баялаг ашиглалтаас олох үр ашигийг өнөө ба ирээдүйн иргэддээ тэгш, шударга байдлаар хувиарилах концевцийг хуульчилахаар шийдвэрлэсэн. Яг энэ агуулгийн дагуу Баялагийн сангийн хуулийг боловсруулж, уг хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болчихсон байна.
Уг хуулийг хэлэлцүүлэхээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг иргэддээ эзэмшүүлэх асуудлыг нэг ижил гарааны түвшинд аваачих ёстой. Үүнээс хойш дахин компанийн хувьцааг үнэ төлбөргүй тараадаг асуудлыг цэгцлэхгүй бол түвэгтэй байдлууд үүсээд байна.
Тиймээс Баялагийн сангийн тухай хууль батлагдахаас өмнө одоо амьд сэрүүн байгаа Монгол Улсын иргэн бүрт хувьцааг нь тэнцүү олгох тогтоолын төслийн Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, дэмжигдлээ.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг 2.5 сая иргэн өнгөрсөн өгөөжийг нь ямар байдлаар хүртэв. Жишээ нь, нэг хэсэг оюутнууд сургалтын төлбөрөө төлсөн, ахмадууд сая төгрөг тарааж байсан санагдаж байна?
-Тийм л дээ. Нэг сая төгрөг авч байсан иргэд ч бий. Нийт хувьцаа эзэмшиж байгаа 2.5 сая иргэнээс тодорхой хэмжээгээр хувьцааныхаа үр шимийг хүртчихсэн иргэд бий, огт хүртээгүй ч иргэд бий. Дэлхий дээр хувьцааны хоёр төрөл байдаг. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг хувьцааг аль нэг төрөлд нь хамруулан тодорхойлоход хүндрэлтэй байна. Компанийн бланс дээр энгийн хувьцаа гээд бүртгэгдчихсэн явж байгаа. Одоо УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар одоо амьд сэрүүн байгаа иргэдийнхээ хувьцааг энгийн хувьцаагаар бүртгэх заалт оруулж өгсөн.
Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч иргэд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн жинхэнэ хувьцаа эзэмшигч иргэн болж байна гэсэн үг. Тиймээс цаашид энэ хувьцаанаас хүртэх үр өгөөжийг ногдол ашиг хэлбэрээр хүртэнэ гэсэн үг.
Тийм учраас хувьцаа эзэмшигчийн эдлэх бусад эрхүүд өнөөгийн хувьцаа эзэмшигчдэд бий болно гэсэн үг.
-Өөр дээрээ жишээ авъя л даа. Миний бие их, дээд сургуульд суралцаж байх үедээ сургалтын төлбөртөө 1072 хувьцаанаасаа суутгуулсан. Тиймээс одоо надад 8 ширхэг л хувьцаа бий. Тухайн үед яг надтай ижил сонголт хийсэн залуучууд болон ногдол ашиг хүртэж 1072 хувьцааныхаа тоог багасгасан иргэдийн хувьд дахин хувьцаа эзэмших боломж бий юу?
-Цаашид хувьцааныхаа хувь хэмжээг нэмэгдүүлэхийг хүсвэл худалдаж авах, эсвэл өөрт байгаа найман ширхэг хувьцаагаа худалдан борлуулах юм уу, нэгж хувьцаанд ногдох ашгаа хүртэх зэрэг сонголтууд танд байна. Учир нь таны хувьд 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа бусад иргэдтэйгээ харьцуулахад мөнгөний ханш боломжийн байх үед өөрт байсан хувьцааныхаа үр ашгийг хүртчихсэн гэсэн үг.
Тиймээс одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшиж байгаа иргэд болоод цаашид эзэмших иргэд хувьцаанаас ямар л үр ашиг хүртэх боломж байна тэр бүх боломжоор хангагдана гэсэн үг.
–“Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааг худалдаж авах үнэ, ханш хэдэн төгрөг байх вэ?
-Хоёр дахь зах зээл дээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа арилжаалагдаж эхлэх үед зах зээлийн үнэ тогтдог. Анх иргэдэд хувьцаа эзэмшүүлэх үед зарласан хувьцаагаа хүн амын тоондоо хувааж нэг хувьцааг 933 мянган төгрөгөөр үнэлж, гаргасан. Тухайн үед хувьцааныхаа эрхийг бүрэн авч чадаагүй, хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаагүй учраас дээрх үнэ өөрчлөгдөөгүй. Хувьцаа гэдэг бол тухайн компанийн үнэ цэнэ өсөх тусам үнэ нь нэмэгдэж байдаг зүйл. Гэтэл энэ процесс зогсчихсон байсан.
Цаашид “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа зах зээлийн журмаар үнэлэгдэж, үнэ цэнэ нь өсөөд явна.
-УИХ-аар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд иргэд хаана хандаж хувьцааны эрхээ нээлгэх вэ?
-Үнэт цаасны төлбөр тооцооны төв дээр иргэдийн хувьцааг бүтгэж байгаа. Тус төв дээр бүрдүүлэх шаардлагатай материалуудыг журмын дагуу бүрдүүлж өгнө. Энэ үйл явцад ойролцоогоор 14 хоног шаардагдана гэж үзсэн.
Түүнчлэн Е Mongolia цахим платформыг ашиглавал хурдтай хийх боломж үүсэх байх.
Аль болох иргэдэд хүндрэл бэрхшээл үүсгэхгүйгээр төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллахад холбогдох байгууллагууд анхаарч ажиллана.
-Сүүлийн жилүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компани хэдэн төгрөгийн ашигтай ажиллав. Энэ удаа нийт хичнээн төгрөг ногдол ашиг байдлаар хуваарилах магадлалтай байна?
-Компанийн тайлан бланс урьдчилсан байдлаар гарсан. Уг тайланг олон улсын мэргэжлийн аудитын байгууллага хянаж гаргасан цэвэр ашгийн хэмжээ үнэн бодит эсэхийг нягталж, аудитаас баталгаажуулсаны дараа албан ёсны тоо тодорхой болно. Аудитын байгууллагын дүгнэлт эцэслэн гараагүй байна. Урьдчилсан байдлаар 2023 онд 3орчим их наяд төгрөгийн цэвэр ашигтай гарах болов уу гэж таамаглаж байна.
Гэхдээ цэвэр ашгийг бүгдийг нь ногдол ашиг болгож тараана гэсэн ойлголт байхгүй.
Компанийн тухай хуулийн 47.1-д зааснаар компани ногдол ашиг хуваарилсаны дараа төлбөрийн чадвартай байх, эзний өмчийн хувьд тавигдах шаардлага бий. Эдгээр шаардлагуудыг хангаад компанийн ТУЗ санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор шийдвэр гаргадаг.
Олон улсын мэргэжлийн аудитын байгууллагын дүгнэлт гарсаны дараа компанийн хурлаа хийж энэ бүх асуудлыг ярилцсаны дараа ногдол ашиг хуваарилах асуудал яригдана. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд хуримтлагдсан өр төлбөр нэлээд бий.
Төрийн өмчийн компаниуд дотор үүссэн өр, авлагын том сүлжээнд орчихсон байна. УИХ-аас энэ өр төлбөрийг хооронд нь суутган тооцох замаар шийдэх эрх өгөх юм бол цэвэр ашгаасаа иргэддээ ногдох хэсгийг олгох бололцоо бүрдэнэ. Ийм боломж бүрдвэл дүн нь эцэслээгүй байгаа ч нэг хүнд ойролцоогоор 200 орчим мянган төгрөг хуваарилагдах боломжтой байна гэж харж байна. Гэхдээ үүнийг ТУЗ-ийн хурлаар шийднэ. УИХ-ын тогтоол батлагдсаны дараа энэ асуудал яригдах учиртай.
-Ногдол ашгийг цагаан сарын өмнө олгоно гэсэн хүлээлт нийгэмд үүсчихээд байна. УИХ-ын зарим гишүүд 450-500 мянган төгрөг олгох талаар ам нээсэн. Энэ мэдээлэл хэр бодитой вэ?
-Өмнө нь Засгийн газраас тогтоолын төслийг өргөн барихдаа 34 хувийн асуудал яригдсан. Харин байнгын хорооноос хууль зүйн дүгнэлт гарч хууль эрх зүйн хувьд зөрчилтэй байдалд хүрч магадгүй гэж үзэж, тогтоолын төсөл анхны байдлаасаа байнгын хороон дээр гаргасан зарчмын зөрүүтэй саналаар өөрчлөгдсөн. Тухайн үед хийгдсэн тооцоогоор тэгж гарсан байх. Одоогийн тооцооллоор дээр дурьдсанчлан нэг хүнд 200 орчим мянган төгрөг ногдох магадлалтай байна. Харин ногдол ашиг тараах хугацааны хувьд цагаан сарын өмнө гэж байгаа нь ТУЗ санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор шийдвэр гаргах болоод өнөөдөр болон маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар тогтоолын төсөл батлагдчихвал зохион байгуулалтын ажил эхэлнэ.
Ингээд цаг хугацаагаа тооцоод үзвэл цагаан сарын өмнө ногдол ашиг тараах боломж байгаа гэж харагдаж байна.
-Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашгаас төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн. Одоо ногдол ашиг байдлаар тараах гэж байгаа мөнгөөр ажлын байр нэмэгдүүлэх, улс орны томоохон бүтээн байгуулалттай холбоотой ажилд хөрөнгө оруулах тухай асуудал хөндөгдсөн үү?
-Хөндөгдсөн. Шинээр хувьцаа эзэмших иргэдийг тооцвол компанийн нийт ашгийн 27 орчим хувийг иргэддээ ногдол ашиг болгож өгнө. Хувьцаат компани гэдэг бол зах ззээлийн зарчмаараа тухайн компани шаардлагатай үед хувьцаа гаргадаг, хувьцааг нь иргэд, аж ахуйн нэгж, гадаад, дотоод гэлтгүй хөрөнгийн зах зээл дээрээс чөлөөтэй худалдаж авдаг ийм л тогтолцоонд шилжүүлэх ёстой. Энэ асуудал Баялгийн сангийн хуульд тусаад явах нь зүйтэй.
Нэгэнт иргэдэд хувьцаагаа тараачихсөн учраас хувьцаа нь тухайн хүний өмч болно. Түүнийг буцааж, хурааж авах эрхгүй.
Тиймээс бүгд нэг удаа ижил тэгш гарааны нөхцөлтэй болж түүний дараа зүй тогтолцоогоороо эрсдэс баялаг, газрын тосны баялагаас үр өгөөж хүртдэг байх тогтолцоо зөв болно. Түүнээс биш хүссэн үед компани хувьцаагаа үнэгүй тараадаг, эсвэл ногдол ашиг тараах, тараахгүй талаар асуудал хөндөгддөг, ногдол ашгийг өөр зүйл захиран зарцуулдаг ийм буруу тогтолцоо, эрүүл бус засаглал байж болохгүй. Компани өөрөө өсч дэвших тогтолцоог нь бүрдүүлэхийн тулд Баялагийн сангийн тухай хуульд ашгийн хэдэн хувийг Баялагийн санд, хэдэн хувийг ногдол ашиг байдлаар хувьцаа эзэмшигчдэд олгох, хэдэн хувиар нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх талаар тодорхой тусгаж өгсөн. Тиймээс цаашид энэ асуудалтай холбоотой үүсдэг маргаан нэг талдаа цэгцэрнэ.
Нэгэнт компани ашигтай ажиллаж байгаа бол иргэд ногдол ашиг авах л ёстой.
-“Эрдэнэс Монгол” нэгдэлд хамаарч байгаа төрийн өмчийн 30 гаруй компаниас яг хэд нь ашигтай ажиллаж, хэд нь алдагдалтай буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас авч үйл ажилалагаагаа явуулж байна?
-“Эрдэнэс Монгол” нэгдэлд ирээдүйд ашиг олох төслийн компаниуд ч багтаж байна. Тухайлбал, ураны хөрөнгө оруулалттай холбоотой “Мон Уран” гэх мэт төслүүд бий. Энэ мэтчилэн толгой компаниасаа зээл авах байдлаар өр зээлтэй явж байгаа нэлээд хэдэн компани бий. Нэгдэлд багтаж байгаа 30 гаруй компаниас 10 гаруй нь олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрөгч 2022 оноос уул уурхайн компаниудыг нэг дээвэр, нэг стратеги дор, нэгдсэн төлөвлөгөөтэй өөрчлөлт, шинэчлэл, реформуудыг эхлүүлсэн.
Үр ашигтай ажиллах чиглэлээр нэлээд ажил зохион байгуулж, энэ бүхний үр дүн эхнээсээ гарч “Эрдэнэс Монгол” нэгдэл түүхэндээ санхүүгийн өндөр амжилт үзүүлсэн. Нийт 17.9 их наяд төгрөгийн борлуулалт хийлээ. Үүнээс 5.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Дээрх дүнд голлон нөлөө үзүүлсэн хоёр компани бол “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” ТӨҮГ байна. Бусад компаниудын хувьд ч үндсэндээ ашигтай ажиллаж чадсан. Энэ бүхэн юу харуулж байна гэхээр зорилт, бизнесийн төлөвлөгөөгөө зөв хийсэнтэй холбоотой. Цаашид УИХ-ын тогтоол гарч компаниуд хооронд үүссэн өр зээлийн асуудлыг тодорхой хэмжээнд цэгцлэх боломж олговол нэгдэлд багтаж байгаа компаниуд үйл ажиллагаагаа сайжруулж, ногдол ашиг хуваарилах боломж улам нэмэгдэнэ. Өчигдөр байнгын хорооны хуралдаанаар яригдсан бас нэг асуудал бол “Эрдэнэс Монгол” толгой компани өөрөө замын орлогоор ажилладаг, санхүүгийн хүндрэлтэй байдаг, Хөгжлийн банкинд өртэй учраас ногдол ашгийг түүнд суутгах гээд байна уу гэдэг асуудал байсан. Тийм асуудал байхгүй.
Өнгөрсөн жилийн хугацаанд сахилга баттай, сайн ажилласны үр дүнд толгой компани дангаараа 201 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдууллаа.
Хөгжлийн банкнаас авсан замын зээлийг бүрэн төлж дууссан. Мөн хуримтлагдсан татварын өр төлбөрөө бүрэн төлж дууслаа. Татварын дараах ашиг 200 гаруй тэрбум төгрөгт хүрч үндсэндээ хуримтлагдсан өр төлбөргүй болж санхүүгийн хувьд бүрэн бие даасан компани болж чадсан. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд нэг талаас 800-900 тэрбум төгрөгөөр өр төлбөрөө барагдуулсан. Нөгөө талд газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой зээл олгосноор өр төлбөр нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч ерөнхий дүнгээрээ нэгдлийн санхүү түүхэн дээд амжилт гаргаж, сайн ажилласан. Тийм учраас ногдол ашиг хуваарилах, цаашид ч хуваарилаад явах, ашигтай ажиллах, өр төлбөр тавьдаггүй байх, бүтэээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа бүхий л түвшинд сайжруулахад анхаарч ажиллаж байна.
-Төрийн бүтэц, төрийн алба жилээс жилд данхайж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл болж засаглалын өөрчлөлт хийснээр бүтцийн өөрчлөлт, хүний нөөцтэй холбоотой ямар өөрчлөлт гарав?
-Хүний ажлын байртай холбоотой асуудал нэлээд түвэгтэй. Нэг хүнийг ажлаас халахад тэр хүний цаана байгаа амьдарлын баталгаа хамт яригддаг. Тиймээс эхний ээлжинд шинээр орон тоо нэмэхгүй гэдэг бодлого баримталж байна. Удирдлагын түвшинд ажиллаж байсан ТУЗ-ийн 266 хүнийг 60 гишүүнтэй болгож өөрчилсөн. Өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хамаарч байгаа өөрчлөлтүүдээ хийсэн. Удирдлагын хувьд Хэмнэлтийн хуулийн дагуу удирдлагын бүтэц, орон тоо буурсан.
Компанийн бүтцийн хувьд аваад үзвэл 20-30 хувиар буурсан. Гэхдээ үндсэн инженер, техникийн ажилчид, уурхайчдын тоог багасгахад хүндрэл үүсч байна. Бид 2028 он хүртэл шинээр 30 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан.
Хэд хэдэн боловсруулах үйлдвэрийн төсөл бий. Эдгээр төслүүд дээрээ одоо ажиллаж байгаа хүний нөөцөөсөө шилжүүлэн ажиллана. Шинээр хүн авахгүй. Дотроосоо шилжүүлж бэлтгэнэ. Үүний үр дүнд төрийн өмчийн компаниудын үр ашиг эрс нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засаг макро түвшинд сэргэж байгаа боловч өрх гэрийн үүд хаалгаар бүрэн ороогүй байгаа учраас олон тооны иргэдийг ажлаас нь шууд халах боломжгүй.