УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2024.01.15/ хуралдаж, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн олонхи дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын тайлбарлаж буйгаар Нийслэл энэ онд 20 мянган айлын орон сууц барих том амбицтай хөдөлж байгаа аж. Барилгын материалыг гол төлөв гадаад орноос импортолдог тул ханшийн дарамт учруулахгуйн тулд бага хүүтэй, гадаад бонд гаргах нь зөв гэж үзжээ.
Ингэхдээ Сэлбэ дэд төвийг түшиглэн 12 мянган айлын орон сууц, Баянхошуу дэд төвийг түшиглэн 6000 айлын орон сууц. Мөн дээр нь Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпораициас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд нийтдээ эхний ээлжинд 20 мянган айлын орон сууц баригдах боломжтой аж. Дэд төвүүдийг түшиглэн орон сууц барьснаар агаарын бохирдлыг 50-60 хувь, түгжрэлийг 40 хувиар бууруулах боломжтой. Саяхан Засгийн газрын гаргасан Сэнчири бонд 7,48 хувийн хүүтэй байсан. Эрэлт 13 дахин их байсан. Гадаад зах зээл аятайхан байгаа нөхцөл байдлыг ашиглаад Сэнчири бондын араас нийслэл бонд гаргах зорилго тавьсан. Олон улсын байгууллагуудын зүгээс хүлэмжийн хийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах хүрээнд бонд гаргах нь зөв” гэдэг зөвлөмж өгсөн юм байна.
Эл асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Нийслэлээс олон улсын бонд гаргаснаар Засгийн газрын өр нэмэгдэх үү, үгүй юу. 20 мянган айлын орон сууц барихад хэдий хэмжээний хөрөнгө шаардаж байна вэ” гэдгийг тодруулсан юм.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Энэ хууль батлагдсанаар гадаадад бонд гаргах гэж байгаа зүйл биш. Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангасны дараа 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд нийслэлд хэдий хэмжээний орон зайд бонд гаргах вэ гэдгийг тусад нь дараа нь шийдвэр гаргаж болгож өгнө. УИХ-ын чуулган удахгүй завсарлах гэж байгаа учраас гуравдугаар сарын 15-наас өмнө Өрийн удирдлагатай холбоотой харилцаа үүсч болзошгүй. Энэ тохиолдолд Засаг дээрээ шийдвэр гаргаад явна.
Сэлбэ дэд төв ямархуу эх үүсвэрээр босгох вэ гэлээ. Газар чөлөөлөлтийг өнөөгийн батлагдсан жишиг тарифын хүрээнд 2301 нэгж талбарыг чөлөөлөөд авах юм бол 400 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Ийм эх үүсвэр гаргалгүйгээр аж ахуй нэгж, иргэдтэй Улаанбаатар хотыг орон сууцжуулах, түгжрэлийг бууруулах тухай хуулийн хүрээнд 4, 5 арга хэрэгжүүлэхээр хэлэлцээр эхлүүлэх гэж байгаа. Нэгдүгээрт, түрээсийн орон сууцанд оруулах, хоёрдугаарт, үйлчилгээний зориулалттай обьектоор своп солилцоо хийх, гуравдугаарт НОСК -ийн мэдэлд байгаа орон сууцаар солилцох, дөрөвт нь бэлэн үнийг нь төлж авах гэсэн аргыг хэрэглэнэ. Сэлбэ дэд төв дээр ажлын хэсэг байгуулагдаад ажил нь эхэлсэн.
Тооцооллоор 12 мянган айлын орон сууцыг 1,4-1,5 их наяд төгрөгийн хооронд барина. Үүнээс гадна хорооллын дундах зам, Сэлбэ голыг тусад нь усны нөөц эх үүсвэр хиймэл далан байгуулах усны давхар төсөл хэрэгжинэ. Төсөл 1,6 их наяд төгрөгт багтаж баригдана. Барилгын өртийг бууруулах хүрээнд хуульд заасан бусад боломжуудыг ашиглаж барина.
Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа санхүүгийн эх үүсвэр нь бүрэн шийдэгдсэн, зургийн асуудал бүрэн шийдэгдсэн, газар чөлөөлөлт нь бүрэн шийдэгдсэн байдлыг харгалзан үзнэ.
Ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр гүйцэтгэгчийг нээлттэй сонгон шалгаруулна. Гүйцэтгэгчийг дотоодын аж ахуйн нэгжүүдээс олон багц болж зарлах байх гэлээ.