Японы Ерөнхий сайд Фүмио Кишида 2023 оны төсвийн нөөц сангаас 10 тэрбум иен буюу 690 сая ам.долларын санхүүжилтийг баталж, хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдийн амьжиргааг сайжруулахад тусална гэж мэдэгджээ.
Өнөөдрийн /2024.01.16/ байдлаар энэ сарын нэгний өдөр болсон 7.6 магнитуд хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 222-т хүрсэн байна. Кишидагийн засгийн газар гамшгийн эхний долоо хоногт гамшгийн тусламжид 4.47 тэрбум иен төсөвлөсөн юм.
Гамшгийн улмаас орон байр нь нурсан эсвэл эвдрэл үүссэн 20 мянга гаруй хүн сургуулийн спорт заал, олон нийтийн төв болон түр байгууламжид хоргодож байна.
Шинээр баталсан тусламжийн төсөв нь иргэдийн амьжиргааг сайжруулахад зарцуулагдахаас гадна газар тариалан, загас агнуур, аялал жуулчлалын салбарыг сэргээн босгоход хэрэгцээтэй санхүүжилтийг олгоно.
Кишида газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүсүүдтэй танилцахдаа 2024 оны төсөвт батлах нөөц сангийн хэмжээг 500 тэрбум иенээс 1 их наяд иен болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Kyodo News