Сар шинийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд иргэд гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй архи, согтууруулах ундаа хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг ихээр гарч байгаа аж.
Энэ талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналт, бүрдүүлэлтийн албаны дарга Г.Алтансүхээс тодруулахад “Цагаан сарын баяр дөхөөд хилээр хуурамч, дуураймал, гарал үүсэл нь тодорхойгүй архи, согтууруулах ундаа нэвтрүүлэх гэсэн зөрчил их гарсан. Нэг хэсэг ийм тохиолдол маш их гарч байсан бол хоёр талд сэргийлэх арга хэмжээ авснаас хойш харьцангуй багасаж бараг таслан зогсоосон гэж хэлж болно.
Гэхдээ өдөрт хилээр нэвтэрч байгаа 8000 хүнийг нэг бүрчлэн шалгах боломжгүй тул хуурамч архи оруулж ирэх тохиолдол гарч байгаа байх.
Хэргийг Гаалийн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулж байгаа. Хууль бус бараа хилээр нэвтрүүлэхийг завдаж буй тул торгох ёстой ч одоогоор торгуулийн арга хэмжээ аваагүй. Одоогийн байдлаар түр агуулахад техникийн спиртээр найруулсан байж болзошгүй хоруу чанар өндөр хуурамч согтууруулах ундаа 4000 орчмыг хураасан байна.
Гаалийн тухай хуульд заасны дагуу хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг гурав хоног түр агуулахад хурааж, хоёр сарын дотор иргэн тухайн бараагаа буцаан гаргаагүй бол устгах арга хэмжээ авдаг” гэв.
“Гаалийн тухай хуулийн 8.3.т улсын хилээр оруулахыг хориглосон барааг Монгол улсын нутаг дэвсгэрт оруулсан бол нэн даруй буцаан гаргах ба гаргах боломжгүй бол гаалийн хяналтын бүс, эсхүл түр агуулахад гурав хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд иргэн, хуулийн этгээд бараагаа буцаан гаргаагүй бол гаалийн байгууллага бараа устгах горимын дагуу арга хэмжээг авна” гэж заажээ.