Монголын Говьд явуулсан малтлагаар 70 сая жилийн настай Немегтозаврын маш ховор чулуужмал үлдэгдэл олдсон байна. Үлдэгдлийг газраас малтаж гаргахад Шинэ Английн их сургуулийн докторант Нэйтан Энризез оролцсон болохыг “Australian Broadcastig Channel” онцолжээ.
Немегтозавр нь Цэрдийн галавын үед дэлхий дээр амьдарч байсан урт хүзүүтэй үлэг гүрвэлийн төрөл юм. Монголын Говь үлэг гүрвэлийн чулуужмал үлдэгдэл их олддог гэдгээрээ дэлхийд алдартай билээ.
Энрикез “Бид майхан зассан газраасаа бага зэрэг алхаад л янз бүрийн амьтдын яс олсон. Тарбозавр гэж нэрлэдэг үлэг гүрвэлийн зүйлийн үлдэгдэл олдсон. Тарбозавр нь Т-рексийн үеэл гэж хэлж болохоор зүйл” хэмээжээ.
Немегтозаврын үлдэгдэл олдох нь маш ховор. Дэлхий дээр тус үлэг гүрвэлийн гавлын ясыг ганц л удаа олж байсан нь 1970-аад онд юм. Тэгвэл Энрикезийн баг Немегтозаврын шагай, тахилзуур, шаант болон хөлийн хурууны ясыг олсон байна.
Олдсон яснуудыг Монголын палеонтологийн төвд хүргэн өгчээ. Шинэ Английн их сургуулийн дэд профессор Фил Белл олдсон яснууд Немегтозавр нь Говиос олдсон өөр нэг урт хүзүүт үлэг гүрвэлтэй ижил зүйл эсэхийг тодорхойлоход тусална гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Australian Broadcasting Channel