“Эрдэнэс Тавантолгой” ХХК-аас 2021 оны нэгдүгээр сард “Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г МТАС түншлэлтэй байгуулсан байдаг.
Харин “Нүүрсний хулгай”-н асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хяналтын нээлттэй сонсголын үеэр энэ нь “Өнгөн дээрээ Эрдэнэс Тавантолгойн 700 гаруй тэрбум төгрөгийн нүүрс баяжуулах үйлдвэрийн тендер мэт харагдаж байгаа боловч халхавч шинжтэй. 2.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, 2012 оны байдлаар 3.7 их наядын үнэлгээтэй, 2023 оны байдлаар 404 их наяд төгрөг буюу 130 тэрбум ам.долларын нүүрстэй Тавантолгойн хоёр дахь том ордын нүүрсийг баяжуулах, худалдах монополи эрхийг олгох тендер болж хувирсан” хэмээн сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлж байв.
Тэгвэл өчигдөр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан дээрх “Эрдэнэс Тавантолгой” ХК болон МТАС түншлэл хооронд байгуулсан Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын гэрээг цуцлах, улмаар Засгийн газарт танилцуулах чиглэлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д өгсөн байна.
“Эрдэнэс Монгол” ХХК уг асуудлыг хүлээн авч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-д хүргүүлжээ. Эцсийн шийдвэрийг тус компанийн ТУЗ гаргах аж. Одоогийн байдлаар Бортээгийн уурхайд МТАС түншлэл нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй юм байна.