Өчигдөр /2023.01.16/ цахим сүлжээнд нохойгоо хөтөлсөн охиныг 50 орчим насны эр өшиглөж буй дүр зураг бүхий бичлэг цацагдсан. Тодруулбал, “Орцонд нохой оруулж ирлээ, орон сууцанд амьтан тэжээлээ” хэмээн тус байрны оршин суугч уурлаж бага насны хүүхдэд халдсан байна. Ингэхдээ насанд хүрээгүй охиныг нэг удаа өшиглөж, нохойд нь мөн халджээ. Эл асуудлаар иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж энэ дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаснаар тухайн этгээдийг 300 мянгаар торгосон аж.
Эл үйлдлээс иргэн иргэнээ хүчирхийлэх нь төрд ашигтай гэж харж болохоор байгаа юм. Учир нь иргэн хоорондын хүчирхийллийн шинжтэй эл үйлдлээс төр 300 мянган төгрөгтэй болж байгаа хэрэг. Харин тухайн эрд дээрэлхүүлж, эрхээ зөрчүүлсэн бага насны охины талд хууль хэрхэн үйлчилсэн бэ, түүнийг хамгаалж чадсан уу гэвэл үгүй. Өөрөөр хэлбэл түүний бие, болон сэтгэл санааны хохирлыг хэрхэн нөхөн төлүүлж шийдүүлэх вэ гэдгээс урьтаж төр л авахаа авчээ.
Өөр нэгэн жишээ дурдвал автомашинтай иргэн явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилдэг. Гэвч энэхүү мөнгийг хохирсон иргэн биш мөн л төр авдаг. Цаашлаад энэхүү мөнгийг зам засварт ч ашигладаггүй. Ингээд харахаар иргэн иргэнээ хүчирхийлвэл, эрхийг нь зөрчвөл төрд л ашигтай байдаг аж.