Монголын 3х3 сагсанбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржавтай ярилцлаа.
–Энэ спортоор дамжуулж дэлхий биднийг таньдаг болж байгаа гэвэл буруудахгүй–
-3х3 сагсан бөмбөгийн төрлөөр бид Азид дахин аваргалсан нь 2023 оны онцлох амжилтуудын нэг байв. Үүнээс гадна олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд үнэмлэхүй амжилт үзүүлч чадлаа. Ингээд харахаар өмнө жилүүдтэй харьцуулбал баялаг жилийг үдлээ гэж хэлж болохоор. Харин таны бодол?
-2023 он 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн шигшээ багийн тамирчдын хувьд өмнө байгаагүй хамгийн өндөр, оргил амжилтыг үзүүлсэн жил болж өндөрлөлөө. Бидний хамгийн эхний том тэмцээн Сингапур улсад зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Энэ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон. Энэ нь манайхны хувьд тав дахь удаагийн Азийн аварга байлаа.
2017 онд бид эх орондоо Азийн аваргын тэмцээнийг зохион байгуулж эрэгтэй шигшээ баг маань Австрали, Шинэ Зеландын багуудыг ялснаар анх удаа аваргалж түүхэн амжилтыг тогтоосон. Харин үүнээс хойш зургаан жилийн дараа буюу 2023 онд Азийн аваргын тэмцээнд дахин аваргалж өөрсдийгөө Австарли, Шинэ Зеландын багийг хожиж болдог, ийм Ази баг байдаг гэдгийг батлан харуулсан мөн л түүхэн гэж хэлж болох амжилтыг үзүүлсэн. Үүний өмнө Австраличууд гурван жил түрүүлээд байлаа. Тэдний маань энэхүү амжилтад уйгагүй хичээл зүтгэл, жилийн дөрвөн улирлын бэлтгэл сургуулилт голлох нөлөө үзүүлсэн болов уу гэж ойлгож байгаа.
Үүнээс хойш олон улсын мэргэжлийн тэмцээнүүд болон дэлхийн аварга болж өндөрлөсөн. Бид 23 насны дэлхийн аварга, азийн наадамд мөн л эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон. Амжилтуудыг дурдвал Ханжоугийн Азийн наадмаас эрэгтэй, эмэгтэй багууд хос медаль авсан. Онцолбол манай эмэгтэй баг Хятадын багт ялагдал хүлээж мөнгөн медаль дээр буусан ч энэ амжилт тивийн гэдэг утгаараа анхны том шагнал байсан. Харин эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн. Мөн 18 болон 23 насны тамирчид маань оролцож буй тэмцээн бүртээ амжилтаа ахиулсаар байгаа. Нөгөөтэйгүүр гадагш гарч тэмцээнүүдэд оролцохоос гадна жилд дотооддоо 5-6 олон улсын тэмцээнийг тогтмол авч зохион байгуулж байна.
Ингээд зогсохгүй манай сагсчид оролцсон тэмцээн бүртээ шөвгийн дөрөв болон найм, цаашлаад эхний гурван байрт дандаа шалгарсан. Мөн энэ жилийн дэлхийн аварга Серби, дэд аварга АНУ-ын багуудыг дэлхийн аваргын тэмцээнээс долоохон хоногийн дараа хожсон. Энэ бол бидний бахархаж, нүүр бардам ярих амжилт мөнөөс мөн байлаа гэж хэлмээр байна.
-Эргээд харбал 2016 он хавьцаа гэж санаад байна. Сагсан бөмбөгийн энэ төрлийг бид гудамжны гэж нэрлэдэг, нийтээрээ төдийлөн ойлгож хүлээж авдаггүй үе байсан шүү дээ. Гэтэл ердөө долооон жилийн хугацаанд энэ спортоор бид дэлхийд яригдах хэмжээнд ирчихлээ. Үүнд нөлөөлсөн гол зүйл юу байсан бол?
-Спортын амжилт гэдэг бол мэдээж уйгагүй бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэлийн үр дүн. Үүнтэй давхар менежмент, зөв зохион байгуулалт, чиглүүлгийн ажил яригдана. 3х3 анх дүрмээ зохиогоод олон улсад нэвтрүүлж эхэлсэн нь 2007 он. Үүнээс хойш 10 жилийн дараа буюу 2017 онд олимпын төрлөөр бүртгэгдэж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ үед манай улс дотооддоо 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, олон улсын тэмцээн уралдаанд оролцоод эхэлчихсэн байсан. Энэ хэрээр тамирчдын чадвар чансаа өсөж, амжилтууд ахисан. Мэдээж энэ дунд хожил, хожигдол аль аль нь бий. Өөрөөр хэлбэл, бид сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж хамтдаа хөгжлийн шинэ түвшинд гарсан гэж хэлж болно. Бүр зарим улстай харьцуулбал бид аль хэдийнэ гараанаас гарчихсан байсан. Ковидын үеэр л гэхэд бид нэг тэмцээнд оролцохын тулд сарын хугацаанд онгоц хүлээгээд өөр оронд гацаж байсан ийм тохиолдол ч байлаа. Биднийг үнэндээ энэхүү багийн спортоор дамжуулж дэлхий таньдаг болж байгаа гэвэл нэг их буруудахгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн спортын амжилтын төлөө хичээгээд зүтгээд байгаа юм шиг боловч давхар эх орноо таниулах үүргийг хүлээдэг гэж ойлгодог.
-Холбоо хэрхэн ажилллаж, тамирчид ямархуу байна гэдэг талбай дээрээс шууд харагддаг-
-Сагсан бөмбөгийн тамирчдад өөр ажил эрхлэхгүйгээр зөвхөн энэ спортод бүхнээ зориулах боломж өнөөгийн нөхцөлд үүссэн гэж та хэлэх үү. Холбоо энэ тал дээр хэрхэн ажиллаж байна?
-3х3 сагсан бөмбөгийн холбоо бүх насны шигшээ багийн тамирчдыг олон улсын, тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцох бүхий л боломжоор нь хангах үүргийг хүлээж буй. Мөн шигшээ багаа бүрдүүлж тэмцээнүүдэд амжилттай оролцох нөхцөлийг бүрдүүлэхээс гадна дотооддоо чансаа өндөр, чанартай тэмцээн уралдаануудыг зохион байгуулах тал дээр төвлөрч ажилладаг.
Бидний хэрхэн ажилласан бэ гэдэг талбай дээрээс шууд харагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, холбоо яаж ажилласан, хэрхэн зохион байгуулсан, тамирчид хэр хэмжээнд бэлтгэгдэж вэ гэдэг талбай дээрх тоглолт, үр дүнгээс шууд харах боломжтой. Энэ нь асуухгүйгээр ойлгох боломж буюу шударга дүнг тавьж буй маш сайн шүүлтийн тогтолцоо юм л даа.
Харин дотооддоо тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулахыг чухалчилж буй шалтгаан нь тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, шат ахин тоглох боломжийг нээж өгөхтэй холбоотой. Жишээлбэл, шат шатаар ахиж өрсөлддөг буюу ур чадвар, амжилт өсөхийн хэрээр оролцох тэмцээнүүдийн түвшин ахиж байх нь зөв тогтолцоо юм. Ингэснээр тамирчид ахисаар ахисаар олон улсын, тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцох хэмжээний болж хөгжих учиртай. Гол нь энэ байдлыг хэвшүүлэх, шат шатны тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулах чухал.
Үүнийг дагаад тамирчид эрэмбийн оноо цуглуулна. Тэдний цуглуулсан эрэмбийн оноо нь цалингийн суурь болж өгнө. Өөрөөр хэлбэл олон тэмцээнд оролцож эрэмбийн оноо цуглуулах нь цалингийн суурь өсөхөд нөлөө үзүүлнэ гэсэн үг. Жишээ нь ур чадвараараа гологдохгүй л 5х5 болон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнүүддээ оролцоод цалингаа аваад, өөр ажил хийхгүйгээр зөвхөн спорт, амжилтдаа анхаараад гаднын жишгээр явах бүрэн боломжтой.
-Сүүлд олон улсын чанартай тэмцээнүүдэд манай багийг гаднын дасгалжуулагчид бэлтгэн оролцуулж байгаа анзаарагдсан. Дотоодод байгаа монгол дасгалжуулагчидтай харьцуулахад ур чадварын ч гэдэг юм уу ялгаа байна гэж ойлгох уу. Эсвэл холбооны бодлого уу?
-Монголын сагсан бөмбөгийн холбоо шинэ менежмент зохион байгуулалттай болоод хоёр жил болж буй. Энэ хоёр жилийн хугацаанд анх удаа олон улсын сагсан бөмбөгийн холбооны дасгалжуулагчдын болон шүүгчдийн сургалтыг хийж лицензтэй болгож байна. Энэ алхам бол олон улсын стандарт түвшинд хүрэхийн тулд хийж буй дэвшил. Мэдээж дан ганц энэ сургалтыг зохион байгуулснаар бүх зүйлд өөрчлөлт орох боломжгүй. Наад зах нь дасгалжуулагч, шүүгчид маань англи хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Хэлтэй бол хөлтэй. Ингэж л бид ахина. Энэ удаад 150 гаруй хүн гурван үе шаттай сургалтад хамрагдсан. Мөн үүний хагжуугаар манай улсад ажиллаж буй гаднын туршлагатай дасгалжуулагчдыг дагаж туслах дасгалжуулагч хийснээр мөн ахиц гарна хэмээн харж байгаа. Энэ мөн л нэг төрлийн боломж.
–2024 оны Парисын олимпод оролцох найман багийн нэг байхын төлөө бүх чадлаараа хичээцгээнэ–
-Эрэгтэй шигшээ багийг энэ төрлөөр дэлхийд мөс зүсэгчид гэж нэрлэх болсон. Тэд спортын шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ Чоно” наадмын шилдгээр шалгарсан. Энэ шагналыг ямар үндэслэлээр олгодог билээ?
-Тус шагналыг спортын сэтгүүлчдийн саналд үндэслэн олгодог. Үүнд мэдээж багийн гаргасан амжилтууд нөлөө үзүүлсэн байх. Жишээ нь хоёр дахь удаагаа Азид түрүүлж, хошой аварга боллоо. Мөн мэргэжлийн багуудын Шанхай их дуулга тэмцээнд оролцож гранпри хүртсэн. Энэ мэт амжилтууд гарцаагүй нөлөөлсөн байх. Тэд нэг л өдөр гэнэт ийм амжилтыг атгаагүй. Үүнд олон жилийн хөдөлмөр, цаг хугацаа багтаж байгаа. Амаргүй ч байсан. Тиймээс олон жил тууштай байж ахисан үзүүлэлтийг ч мөн харгалзан үзсэн байх аа гэж бодож байна.
-Эмэгтэй шигшээ баг маш сайн урагшилж, ахиж байна. Холбоо тэднийг орхилгүйгээр энэ хүртэл авч яваа нь үүргийнхээ хувьд онож байгаа. Тэд ч сайшаалтай юм. Таны төсөөллөөр эмэгтэй шигшээ баг хэзээ Азид, цаашлаад дэлхийд хэдийд дээгүүрт эрэмблэгдэж эхлэх бол?
-Их л ойрхон байгаасай гэж хүсэж байгаа. Холбооны ойрын зорилго бол эрэгтэй, эмэгтэй баг маань Азид хоёулаа байр эзэлдэг, дэлхийд очоод сүүлийн найм, дөрөвт тогтмол үлддэг ийм хэмжээнд хүргэх юм. Энэ зорилгод хүрэхийн тулд олон улсын уралдаан тэмцээнд тогтмол оролцох чухал байгаа. Мөн дотооддоо маш өрсөлдөөнтэй тэмцээнийг тогтмол зохион байгуулж хэвших нь өндөр ач холбогдолтой гэж харж байна. Бэлтгэлийн формыг алдагдуулж болохгүй. Нэг жил сайн хийгээд нөгөө жил нь муу хийгээд байвал ахиц гарахгүй.
Эмэгтүйчүүдийн 5х5 сагсан бөмбөгийн лиг яваад хоёр жил болж байна. Эндээс харвал хамгийн сайнаараа, маш хурднаар ахиж, дээшилж байгаа нь эмэгтэй сагсчид байна гэж хэлнэ. Эмэгтэй баг үнэндээ орхигдчихсон байсан шүү дээ. Лигт хэдий зургаахан баг өрсөлдөж байгаа ч энд тогтмол 70-80 тамирчин тоглоод байгаа нь гол зүйл. Гэсэн ч тэдний залгамж үе болох шинэ залуу үеийнхэн гарч ирсээр байгаа. Тиймээс тэдний ирээдүйд эргэлзэхгүй байна. Холбоо энэ тал дээр тууштай ажиллана.
Миний харж байгаагаар эмэгтэй баг ойрын 1-2 жилийн хугацаанд Азид эхний дөрөвт багтдаг, медаль авдаг хэмжээнд оччихно гэж харж байгаа. Дэлхийн багуудтай ч гэсэн хоёр оронтой тооны зөрүүгээр хожигдохоо больчихсон. Өгөө аваатай тоглолтуудыг үзүүлдэг болсон.
-Хэдэн сарын өмнөөс допингтой холбоотой асуудлаас үүдэж бид цагаан тугийн дор олимпод оролцох нөхцөл байдал үүсээд байсан ч азаар гэх үү аврагдлаа. Энэ жилийн олимпод 3х3 сагсанбөмбөгийн эрэгтэй шигшээ багт найдлага тээж буй хүн олон. Боломж харагдаж байна уу?
2020 онд Токиогийн олимп болсон. Манай эмэгтэй баг багийн спортоор анх удаа олимпод оролцсон. Энэ бол түүхэн үйл явдал. Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг дэлхийд эрэмбээрээ болон оролцож байгаа тэмцээн, идэвхээрээ үнэхээр өндрөөр үнэлэгдэж байгаа. 2024 оны Парисын олимпын эрх олгох тэмцээн дөрөвдүгээр сарын 12-нд эхэлнэ. Мөн тав болон зургаадугаар саруудад гурван эрхийн тэмцээн байгаа. Эдгээр эрхийн тэмцээнээс нийтдээ таван баг олимпод орох эрх авах юм. Гурван баг нь гарчихсан.
Олимпод бол наймхан баг л орно. Эрэгтэй найм, эмэгтэй найм. Энэ бол маш хүнд өрсөлдөөн. Мэдээж олимпод бүх орон маш сайн бэлдэнэ. Жинхэнэ ширүүн өрсөлдөөн болно. Эндээс эрх авахад маш хэцүү. Гэхдээ боломжгүй зүйл гэж байхгүй. Тэгэхээр бэлтгэлээ сайн хангана. Наана нь азийн аварга байгаа. Азийн аваргадаа орчхоод дөрөвдүгээр сард олимпын хамгийн анхны эрхийн тэмцээндээ оролцоно. Үүний дараа Японд хоёр дахь, Унгарт гурав дахь тэмцээн болно.
Мэдээж олимпын эрх авчихсан тохиолдолд өөр шүү дээ. Бүх чадлаараа л үзнэ. Тиймээс энэ наймхан багийн эгнээнд батах л хамгийн чухал. Дараа дараагийн олимпууд дээр багууд нэмэгдэх байх. Багийн тоо 12, 16 болоосой гэж хүсч байгаа. Гэхдээ тив тивийн төлөөллөөр оролцоог хангадаг учраас ази тивдээ тэргүүлж байвал одоо чадахгүй байлаа ч ирээдүйд орох нь тодорхой.