ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Г. ТҮВДЭНДОРЖТОЙ ЯРИЛЦЛАА.
-Шууд гол асуудлаасаа эхэлье. Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулга хамгийн их сөрөг мессеж авсан нь гадаадын хөрөнгө оруулагчид 100 жилээр газар эзэмшүүлж, ашиглуулах асуудал. Та албан ёсны тайлбар өгөх үү?
-Энэ асуудлыг өнөөдөр гэнэт өргөн барьж байгаа мэтээр гуйвуулж яриад байгаа нь буруу. Газрыг гадаадын хөрөнгө оруулагчдад 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах заалт нь 30 жилийн өмнө буюу 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд байсан. 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлахдаа газар олгох хугацааг нь өөрчлөхгүйгээр эзэмшүүлэх эрхийг нэмж зохицуулсан юм. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах зохицуулалт 30 жил болж байгаа өнөөдөр ч хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Харин Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Үндсэн хууль болон Газрын тухай хуульд нийцүүлж эзэмшүүлэх эрхийг нь хасаж зохицуулсан.
Иргэдийн дунд Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн ойлголтуудыг хольж солих тохиолдол их байна. Энгийн ойлголтоор “эзэмших” гэдэг нь тодорхой зориулалт, болзлын дагуу тухайн газрыг өөрийн мэдэлд байлгахыг, “ашиглах” гэдэг нь тухайн газарт гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх буюу газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж тухайн газрыг барьцаалах, бусдад шилжүүлэх эрх хуулиар хязгаарлагддаг тул Үндсэн хуульд илүү нийцтэй болж байгаа юм.
Ер нь иргэдийн дунд маргаан дагуулаад байгаа энэ асуудлыг нэг талд нь гаргаж ул сууриар нь өөрчилж, газрын шинэчлэлийг хийх ёстой юм. Нэг ёсондоо газрын харилцааны салбарын авлига, хүнд суртал өнөөгийн иргэдийн дунд үүсээд байгаа эргэлзээг бий болгож байгаа. Газрын тухай хууль 2002 онд батлагдсанаас хойш 20 гаруй жил шинэчлэл хийгдэлгүй энэ салбар хоцорсон байна. Засгийн газраас газрын харилцааны салбарт шинэчлэл хийхээр Газрын багц таван хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан байсныг 2023 онд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсоныхоо дараа татсан. Одоо хөрөнгө оруулалтын хуулийг илт мушгин гуйвуулж иргэдэд буруу мэдээлэл өгч, эдийн засгийн өндөр ач холбогдолтой, улсын хөгжлийн чухал хуулиудаар улс төр хийж байгаа нь зохисгүй хэрэг. Жоохон ч гэсэн эх орноо бодсон сэтгэлтэй байгаасай л гэж бодож байна.
-Зарим судлаачийн зүгээс газрыг 60 жилээр ашиглуулах, 40 жилээр сунгах зүйл заалт арай урт хугацаа зааж байна. Дээд тал нь 30 жил байхад болно гэдэг санал хэлэх болсон. Энэ хугацааг ямар үндэслэлээр тогтоодог вэ?
-Ер нь гадаадын хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн зүгээс хөрөнгө оруулалт хийхдээ газрыг ямар хугацаанд ашиглах боломжтой болохыг чухалчлан авч үздэг. Одоогийн хуулийн зохицуулалтын хийдлийн улмаас эрсдэл гаргаж том хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс татгалзах нь ойлгомжтой. Хэрвээ Монгол Улс үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж байгаа бол хөрөнгө оруулагчдад газрыг тавхан жилээр ашиглуулах нь хэт давчуу хугацаа. Хөрөнгө оруулагчдын зүгээс хэлдэг зүйл бол хөрөнгө оруулалтаа хийгээд үйлдвэрээ байгуулах барилга угсралтын ажлаа дуусгаад тоног төхөөрөмжөө суурилуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, бүх зөвшөөрлөө авч, ажилчдаа бэлтгээд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд л 5-7 жил болно. Цаашлаад үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж хөрөнгө оруулалтаа нөхөх, ашиг олох нөхцөл бүрдэх боломжгүй гэсэн үг. Түрүүн би хэлсэн Засгийн газраас Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирэх гэж байгаа. Энэ багц хуулиараа газрын хугацааны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нь зүйтэй.
-Бас 100 мянган ам.долларыг босгыг байхгүй болгосноор баахан цагаачид ороод ирэх мэт ойлголт байна л даа?
-Хөрөнгө оруулалтыг зөвхөн компанийн дүрмийн сангийн мөнгө 100 мянган ам.доллар гэж хэмжих нь инновац, оюуны өмч зэрэг бусад хэлбэрийн хөрөнгө оруулалтыг үргээх зохицуулалт юм. Тэгээд ч энэ 100 мянган ам.доллар бол компаниа бүртгүүлээд л буцаад данснаас нь татаад авчихдаг нэр төдий зүйл. Өмнө нь банкнууд түр данс нээгээд компани байгуулахын өмнө 100 мянган ам.доллар байршуулж өгдөг байсан. Тэгвэл одоо мөнгө угаах, терроризмын эсрэг олон улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, Монгол Улс саарал жагсаалтаас гарахдаа олон улсын өмнө авсан хүлээсэн амлалтаар хяналт шалгалтын тогтолцоогоо чангаруулж түр данс нээх боломжгүй болж байгаа. Бусад улс орнууд ч хатуу хяналт тавьдаг тул Монголд нээсэн түр данс руу мөнгө шилжүүлэх, тэрийгээ тухайн улсын хууль тогтоомж, хяналтад нийцүүлж тайлбарлах нь маш хэцүү. Энэ мэт ойлгомжгүй байдал хөрөнгө оруулалт татахад нэмэлт саад болж байна. Мөн өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан 25 хувийг хэвээр үлдээсэн. Бусад улсуудын жишгээс харахад, гадаадын хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын босго тавьдаггүй. Харин орж байгаа хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь цэвэр эсэхэд л хяналт тавьдаг. Монгол Улсын хувьд эхний ээлжид гадаадын хөрөнгө оруулалтыг хаахаас илүү татаж оруулж ирэх нь чухал байна. Одоо бид хаалттай байхаас илүү бүх хаалга цонхоо нээж салхи оруулж зах зээлээ илүү нээлттэй, чөлөөтэй болгож хөрөнгө оруулалтыг татаж байж, хурдацтай хөгжиж байгаа дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдэх юм.
-Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан тохиолдолд хөрөнгө оруулагчид шууд ороод ирэх эдийн засгийн орчин бий юу гэдэг асуулт ч байна. Монголын эдийн засгийн орчин хийгээд гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол хэр байгаа вэ?
-Монгол Улсын өөрийн зах зээл харьцангуй жижиг. Гэвч газар зүйн байршлын хувьд дэлхийн хоёр том зах зээл болох БНХАУ, ОХУ-тай хөрш, мөн Япон, БНСУ зэрэг томоохон зах зээлүүдэд ойр гэдгээрээ стратегийн ач холбогдолтой гэж үздэг. Манай орны хувьд Ази, номхон далайн худалдааны хэлэлцээр, Европын холбоотой байгуулсан GSP+ систем, Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, улс орнуудтай байгуулсан давхар татварын гэрээ зэрэг олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Монгол улсын экспортыг дэмжсэн, томоохон зах зээлүүд рүү татварын хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх томоохон боломж байдаг. Энэ боломж, давуу талуудыг ашиглан эдийн засгийг төрөлжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд үндэсний хууль тогтоомжоор хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулж, хөрөнгө оруулалт татах нь юу юунаас илүү чухал байна. Энэ хууль батлагдсанаар хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлнэ. Мөн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх, дэвшилтэд техник технологи, ноу-хау нэвтрүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх ач холбогдолтой. Улмаар тогтвортой ажлын байр нэмэгдэх, дундаж цалингийн хэмжээ болон өрхийн орлого нэмэгдэнэ гэж үзэж байна.
–Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтыг харахад, дийлэнх нь уул уурхайн салбарт орж байгаа. Бусад салбарт ямар боломж байна вэ?
-Тантай санал нэг байна. Монгол Улсад 1990-2023 оны байдлаар нийт 41.7 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн тоо баримт бий. Үүний 73 хувь нь уул уурхайн салбар орсон тул бусад салбарт хөрөнгө оруулалт татах шаардлагатай. Монгол Улс мал аж ахуй, мах боловсруулах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөдөө аж ахуй, нар салхины боломжит нөөц өндөртэй сэргээгдэх эрчим хүч, соёлын баялаг өв ихтэй орны хувьд аялал жуулчлал, татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй орчин бүхий чөлөөт бүсүүд, уул уурхайн түүхий эдэд түшиглэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг бусад салбарт хөрөнгө оруулалт татах бүрэн боломжууд байна.
Гагцхүү эдгээр салбарт хөрөнгө оруулалт татахын тулд хөрөнгө оруулагчдад тулгарч байгаа саад бэрхшээл, хориглолт хязгаарлалтыг арилгах шаардлагатай.
Хөрөнгө оруулагчдыг олон улсын туршлагад нийцсэн хууль зүйн болон эдийн засгийн баталгаагаар хангах, гомдол, маргаан шийдвэрлэх шударга тогтолцоог бүрдүүлэх замаар хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна. Засгийн газраас хөрөнгө оруулалт татах, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагаас хамгийн чухал нь хууль эрх зүйн орчны шинэчлэл буюу Хөрөнгө оруулалтын хууль юм.
-Ийм чухал хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэлгүй УИХ-д оруулж ирлээ гэдэг шүүмжлэл байна. Эдийн засаг, хөгжлийн яам хуулийн шинэчилсэн найруулгыг ямар шат дамжлагаар бэлтгэн, УИХ-аар оруулж байгаа вэ?
-Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хулийн төсөл боловсруулахад тавигдах шаардлагад нийцүүлэн хуулийн төслийг боловсруулж монгол, англи хэл дээр гарган 2023 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс эхлэн олон нийтээс санал авч, хоёр удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хөрөнгө оруулагч хувийн хэвшлийнхэнтэй хэд хэдэн удаагийн зорилтод уулзалтууд хийсэн. Энэ хүрээнд олон улсын байгууллага, хөгжлийн түнш, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, төрийн байгууллага, гадаад, дотоодын 120 гаруй байгууллагаас 700 орчим санал ирүүлсэн. Эдгээр саналын дийлэнх хувийг хуулийн төсөлд тусгаж, хэлэлцүүлэг зохион байгуулан тэдгээр ирүүлсэн саналуудыг хэрхэн тусгасан байдлыг танилцуулсан. Санал ирүүлсэн байгууллагуудаас өгсөн саналыг тусгасан эсэх, хэрхэн тусгасан байдлыг эргэн мэдэгдэж танилцуулсныг Эдийн засаг, хөгжлийн яамнаас шинэ жишиг тогтоож байгааг өндрөөр үнэлж сайшаасан. Ингэж санал авч, хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж, эргэх холбоотой ажилласны үндсэн дээр хуулийн төслийг эцэслэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д 2023 оны зургадугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн.
-Улстөржилт дагуулж буй асуудал нь парламентын сонгуулийн өмнө гэнэтийн байдлаар батлах гэж байна гэдэг хардлага?
–Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлыг өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яам 2022 онд хариуцаж байгаад 2023 оны эхээр Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлсэн. Манай яам хуулийн төслийг хуулийн дагуу боловсруулж, Засгийн газар кабинетын зарчмаар хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш хуулийн төсөл www.D-parliament.mn дээр байршуулагдаад долоон сар болж байна. Улс орны эдийн засаг, хөгжлийн хөдөлгөгч хүч болсон энэ чухал хуулийг аль нэг нам, сонгуулийн улстөржилтгүйгээр улсын том эрх ашгаа нэн тэргүүнд тавьж яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай шүү дээ.
-УИХ-ын чуулганы нэгдсэн танхимд өрнөж буй хэлэлцүүлгээс харахад, Засгийн газрын зарим сайд хуулийн төслийг дэмжихгүй байна гэдгээ илэрхийлсэн. Засгийн газар танхим дотроо нэгдсэн шийдэлд хүрээгүй гэж үү?
-Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар 2023 оны зургадугаар сард хэлэлцүүлж, кабинетын зарчмаар шийдвэрлэн УИХ-д өргөн барьсан. Тиймээс Засгийн газар нэг байр суурьтай гэж ойлгож болно. Харин хувь хүмүүсийн байр суурийг би өмнөөс нь ярих боломжгүй. Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотойгоор зөвхөн газар, 100 мянган ам.долларын асуудлыг тойрч яриад байгаа. Мөн энэ хуульд орсон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах олон дэвшилттэй зохицуулалтын талаар ярих ёстой. Тухайлбал, хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах үүргийг төрийн байгууллагуудад чиг үүрэг болгон тодорхойлж тусгах, гомдол, маргаан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, төрөөс хийх хяналт шалгалтын давхардлыг арилгах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх хуулийн болон эдийн засгийн баталгааг олон улсын туршлагын дагуу сайжруулсан зэрэг ололттой талууд байгаа.