УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас дараах тодруулгыг хийлээ.
-Шүүх хурлыг хойшлууллаа. Хэзээ дахин хуралдахаар болов?
-Таван гэрчээс гурван гэрч ирээгүй. Тэд голдуу мэргэжлийн чиглэлийн хүмүүс. Гурав дахиа ирсэнгүй. Асуудлаа шийдүүлчих гээд яваад байдаг гэрч нь зугтаагаад ирдэггүй. Шүүхээс тэд нарыг албадан ирүүлэх ёстой. Маргааш нэг ирүүлэх байлгүй дээ. Гэрчүүд ирвэл маргааш 13:30 цагааас шүүх хурал хуралдахаар болж байна.
-Д.Доржхандыг шүүх хуралд зайлшгүй оролцуулах шаардлага байна гэдэг асуудлыг та тавьсан?
-Д.Доржханд Зам тээврийн яамны Авто замын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга байсан. Энэ асуудлыг маш сайн мэдэж байгаа хүн байхгүй юу.
Миний хувьд бүх асуудлууд дээрээ мэдүүлгээ өгөөд дууссан. Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн, нотлох баримтуудаа гаргаад өгсөн.
ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
НЭМЭЛТ:
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.01.18/ 10.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч шүүх хуралдаан хойшлов.
Шүүгч нарын бүрэлдэхүүн хэлэлцэж, шүүх хурлыг нэгдүгээр сарын 19-н буюу маргаашийн 13.30 цагт товлов.
Б.ЭНХ-АМГАЛАН, З.ЭНХБОЛД НАРЫГ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.01.18/ 10.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Дээрх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч энэхүү шүүх хуралд Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржхандыг гэрчээр оролцуулах шаардлагатай гэдэг асуудлыг шүүгч нарт тавилаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Д.Доржхандыг шүүх хуралд оролцуулах зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл тэр тухайн үед Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нь байсан. Энэ хүн өгсөн мэдүүлэгтээ зарим нэг эргэлзээтэй зүйл ярьсан тул энд тодруулах шаардлагатай. н.Батболд төрийн нарийн ирсэн байна. Хоёр мэргэжилтнээс тодруулчихад ерөнхий юм гараад ирнэ. Мэргэжлийн юм нь Д.Доржхандаас гараад ирнэ, Тушаал шийдвэртэй холбоотой юм нь Батболдоос гараад ирнэ. Тийм учраас энэ хүнийг ирүүлээч ээ гэж хүсч байгаа юм” гэлээ.
Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдоос тавих хүсэлт байна уу гэдгийг шүүгч тодруулахад “Байхгүй” гэж хариуллаа.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.