Ромын католик сүм хийдийн тэргүүн өчигдөр Ватиканы Гэгээн Петрийн талбайд “шунал тачаал”-ын талаар мөргөлчдөд сургаал айлджээ.
Энэ үеэр тэр “Бэлгийн таашаал бол бурхны бэлэг юм. Гэхдээ харилцаанд үндэслээгүй сэтгэл ханамж нь донтолтын нэг хэлбэр тул порнографаас зайлсхийх ёстой” гэж зөвлөсөн байна.
“Бид хайрыг хамгаалах ёстой. Шунал тачаалыг ялах тэмцэл бол насан туршийн үйл хэрэг юм” гэж Пап айлджээ.
Пап Францисын энэ үг нь Ватиканы сургаал номлол хариуцсан тэргүүний олон жилийн өмнө бичсэн сексийн агуулгатай ном өнгөрсөн долоо хоногт ил болж, хуучинсаг үзэлтнүүдийг бухимдуулсан явдалд өгч буй хариулт бололтой.
Уг номыг Папын шадар хүн болох Аргентины кардинал Виктор Мануэл Фернандес залуудаа бичиж байжээ. Номын нэг бүлэгт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн таашаалын ялгааг нарийн тайлбарласан байв.
Одоо Ватиканы нөлөө бүхий албан тушаалыг хашдаг Фернандес саяхан хэвлэлд тодруулга өгөхдөө “Одоо би ийм ном бичихгүй нь тодорхой” гэж хэлсэн юм.
2022 онд сошиал сүлжээний хор хөнөөлийн талаар нэг арга хэмжээнд үг хэлэхдээ Пап порнографын аюулаас сэрэмжлүүлж, католик шашны санваартнууд, гэлэнмаа нар хүртэл порно үздэгийг хүлээн зөвшөөрч байжээ.
“Энэ бол маш олон хүнд байдаг муу зуршил. Маш олон энгийн хүмүүс, эмэгтэйчүүдээс гадна тахилч нар, гэлэнмаа нарт хүртэл энэ зуршил бий. Үүнээс (порнографаас) чөтгөр амилдаг юм” гэж Пап хэлж байжээ.
Эх сурвалж: The Guardian