2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Төв аймгийн Засаг дарга Дэмбэрэлийн Мөнхбаатар нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав.
Төслийн нэр : “Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”
Уг төслийн хүрээнд Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд засварын ажил хийгдэх юм. Үүнд: хичээлийн байрны дээвэр, гадна фасад, дотор засал (хана, тааз, шал хаалга), цахилгаан шугам (самбар, гэрэлтүүлэг, унтраалга, залгуур)-ыг засварлах ба уг төсөл хэрэгжснээр сургуулийн эрүүл, аюулгүй орчин бүрдэж, тус сумын боловсролын чанар дээшлэх боломж бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжих тус хөтөлбөрийн 599 дэх, Төв аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байна. Мөн энэ удаагийн төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 238,506 ам.доллар юм.
- “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Япон Улсын Элчин сайдын яам