Тайланд нь хаант засаглалын нэр хүндэд халдах гэмт хэргийг хатуу шийтгэдэг хуулиараа алдартай улс юм.
Тэгвэл өчигдөр тус улсын шүүх гурван жилийн өмнө сошиал сүлжээнд ийм утгатай сэтгэгдэл бичсэн хүнд 50 жилийн хорих ял оноожээ.
Тус улсын түүхэнд хаант засаглалын нэр хүндэд халдсан хэргээр хамгийн хүнд шийтгэл оноосон тохиолдол энэ болсон байна.
30 настай Монкол Тиракот гурван жилийн өмнө Фэйсбүүк хуудсандаа бичсэн сэтгэгдлийн төлөө эхлээд 28 жилийн хорих ял сонсож байжээ.
Харин өчигдөр буюу Пүрэв гарагт давж заалдах шатны шүүх түүний хоригдох хугацааг 22 жилээр сунгах шийдвэр гаргасан байна.
Тайландын энэ хатуу хуулийг гадаад, дотоодод нэлээд шүүмжилдэг. 10 орчим жил цэргийн дэглэм тогтсоны дараа өнгөрсөн онд иргэний засгийн газар байгуулагдсан ч энэ хууль үйлчилсэн хэвээр байна.
Яагаад Тиракотын шийтгэлийг ингэж хүндрүүлэх болсон шалтгаан тодорхойгүй байна.
Түүний бичсэн сэтгэгдэл бүрийн тоогоор хорих хугацааг үржүүлсэн бололтой.
Одоогийн хаан Важиралонкорныг 2019 онд ширээндээ залрахад хаант засаглалыг шүүмжлэхийг хориглосон хуулийн хэрэгжилтийг түр зогсоож байжээ.
Гэвч гурван жилийн өмнө оюутнууд хаант засаглалыг шинэчлэхийг шаардсан томоохон тэмцэл явуулсны дараа хуулийг өмнөхөөс нь улам чангаруулан сэргээсэн юм.
Дээрх тэмцлийг удирдсан хүмүүсийн нэг Арнон Нампагийн хоригдох ялыг Лхагва гарагт Тайландын шүүх дөрвөн жилээр сунгах шийдвэр гаргажээ.
Хаант засаглалыг шинэчлэх мөрийн хөтөлбөртэй өнгөрсөн оны парламентын сонгуульд өрсөлдөж, хамгийн олон санал авсан залуучуудын “Урагшлах Хөдөлгөөн” намыг тараах эсэх асуудлыг Тайландын үндсэн хуулийн шүүх энэ сарын сүүлээр хэлэлцэх гэж байна.
Хуучинсаг үзэлтнүүд тус намыг Тайландын улс төрийн дэг журмыг алдагдуулах аюултай гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC