Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулсан шийдвэр гаргасан УИХ-ын даргыг сошиал орчинд “шон”-д өлгөх нь холгүй. Г.Занданшатар даргаас болж хөрөнгө оруулалт гацах дээрээ тулчихлаа гэдэг бол унасан бөхийн шалтгаг. Мэдээж, унасан бөх ууртай гэгчээр санаачилсан төслийг нь УИХ-аас хэлэлцэхийг хойшлуулсанд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ууртай, УИХ-ын даргад гомдолтой байх нь аргагүй.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өргөн барихдаа зэрэгцээд сөрөг хүчин болох АН, тэр тусмаа экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ихээхэн эсэргүүцэлтэй нүүр тулсан. Ч.Хүрэлбаатар сайдын хувьд экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг эсэргүүцээд байсан болохоос Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг агуулга, ач холбогдлоо олон нийтэд зөв таниулаагүй нь алдаа болов. Хууль өргөн барихаас өмнө мэдээллээ сайн түгээсэн бол асуудал ийм дээрээ тулахгүй байж мэднэ. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Монголд ашигтай төсөл болгоныг эсэргүүцдэг нь гэм биш. Хувь хүнийх нь харизм, гадаад талын нөлөөлөл ч түүнийг ийм үг-үйлдэл хийхэд хүргэдэг байж болно. Гэхдээ УИХ-д үнэмлэхүй олонх мөртлөө МАН засаг дотроо ч, бүлэг дундаа ч Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжихгүй, бүр эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байсан. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан хуулийн төслийг засгийн танхим доторх сайдууд нь ч эсэргүүцсэн нь Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар.
Ц.Даваасүрэнгийн “Монгол Улс гадаадынханд нээлттэй байж болохгүй” гэдэг ардчилсан улсын сайдын амнаас гарах үг биш. Гэхдээ түүний хувьд Монголд хэрэгтэй төсөл, хөтөлбөр болгоныг гацаадгаараа алдартай, амнаас нь ийм үг гарах бол энүүхэнд юм.
Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Х.Баттулгын нарын улстөржилт хувийн ашиг сонирхолтой, алсын том зорилготой байхыг үгүйсгэхгүй. Харин олон нийтэд санаачилсан төслөө олигтойхон ойлгуулах, сурталчлах ажлаа Эдийн засгийн хөгжлийн сайд хийгээгүй нь өөртөө эрдсэн, аль эсвэл үнэмлэхүй олонхдоо найдсан ч биз. Ямар ч Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг буцаагаагүй, хэлэлцэх асуудлыг нь хойшлуулсан нь хэрүүл талцлаас нэг талаар шалтгаалсан нь тодорхой. Гадаадынханд газраа 100 жилээр эзэмшүүлэх нь гэсэн Х.Баттулгын ганц үгэнд итгэсэн монголчууд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга төслийг эсэргүүцэж, УИХ-д цөөнгүй хүн санал гомдол хүргүүлсэн. Энэ талаар ч УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “УИХ бол ард түмний төлөөлөгчийн байгууллага. Тиймээс УИХ-д 156 албан бичгээр хандсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хойшлуулах санал ирсэн. Мөн олон мянган иргэдийн гарын үсэгтэй бичиг ирсэн. Ард түмэн эсэргүүцэж байгаа учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна. Гэхдээ анхааруулж хэлэхэд парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд зөвшилцөөд Баялгийн сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Бүсийн хөгжлийн тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуультай уялдуулж хэлэлцэх ёстой гэсэн зарчмын санал ирсэн”-ийг чуулганы танхимд мэдээлсэн юм.
Гадаадынханд хаалгаа нээж байж Монгол Улс хөгжинө. Юу үнэн гэвэл энэ үнэн. Гагцхүү хууль дүрэм нь ойлгомжтой, Засгийн газрын тоглоомын дүрэм нь тодорхой, шударга байх ёстой.
Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд буян хийх биш бизнес хийж, ашиг олох гэж орж ирнэ. Иймээс монголчууд гадаадын хөрөнгө оруулагчдыг нэгд дайсан гэж харахаа болих ёстой. Хоёрт, тэднийг дээрэмддэг, шантааж, шахаа хийдэг асуудлаа зогсоох ёстой. Гуравт, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд дотоодын хөрөнгө оруулагчдаа айлгаж болохгүй. Дөрөвт, олон улсын бизнесийн нэг хэлээр ярьдаг байх шаардлагатай юм. Олон бизнесийн нэг хэлгүйгээс болоод Монгол Улс хөрөнгө оруулагчидтай татварын маргаан арбитрын шүүх дээр цөөнгүй үүсгэдэг.
Ямар ч байсан Засгийн газар, хууль санаачлагчийн зүгээс олон нийтийн эргэлзээг тайлж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөө нэг бүрчлэн үндэслэлтэй, тооцоотой, тоо баримттай танилцуулах анхаарах ажил үлдэж байна.