Өмнөд Солонгост нэвтэрсэн Хойд Солонгосын дүрвэгсдийн тоо 2023 онд бараг гурав дахин өсчээ. Дүрвэгсдийн дунд Хойд Солонгосын элитүүд болон залуусын тоо ч илт нэмэгдсэн байна. Тодруулбал, 2023 онд 196 дүрвэгч Өмнөдөд нэвтэрсний талаас илүү хувь нь 20-30 насныхан, 84 орчим хувь нь охид, эмэгтэйчүүд байсныг Нэгдлийн яамнаас мэдээллээ.
Гэхдээ цар тахлын өмнө үед дүрвэгчдийн тоо оргилдоо хүрсэн байсан. 2019 онд 1047 дүрвэгч Өмнөдөд иржээ. Энэ тоо цар тахлын үеэр огцом буураад, эргээд мэдэгдэхүйц өсч байгаа аж. Цар тахлын хатуу хязгаарлалттай жилүүд буюу 2021 онд 63, 2022 онд 67 дүрвэгч Өмнөд Солонгос руу нэвтэрчээ.
Тус улс 2023 онд тодорхой хэмжээгээр хилээ нээж, гадаадад амьдарч буй иргэдээ буцаж ирэхийг зөвшөөрсөн. Мөн Хятад, Орос зэрэг зарим улс руу олон улсын нислэгээ сэргээж эхэлсэн. Гэвч хилийн чанад дахь зарим иргэн буцаж ирэхгүй, Өмнөд рүү дүрвэж байна.
Хойд Солонгосын элит гэж тодорхойлсон 10 орчим хүн өнгөрсөн онд дүрвэгсдийн тоонд багтсан нь 2017 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт.
Ихэнх дүрвэгчид Хойд Солонгосын хилээр Хятад руу гарч, хоёр улсыг тусгаарладаг Ялу голыг гаталдаг. Хятадад нэвтэрснийхээ дараа Лаос, Мьянмарын хилийг хууль бусаар давж, Өмнөд Солонгосын элчин сайдын яамыг зорьдог аж. Эсвэл тэд Тайланд руу аяллаа үргэлжлүүлдэг.
Эх сурвалж: CNN