Хуульч, судлаач Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сонгогчийн нэрсийн жагсаалттай холбоотой болоод санал авах хэсгийн хороодтой холбоотой үйл явцуудын хугацаа тодорхой болчихсон уу?
-Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаагны гол онцлог бол хэн хэзээ, юу хийсэн байх талаар зохицуулах процессын эрх зүй байдаг. Тийм учраас цаг хугацааны хуваарийг батлан гаргадаг. Гуравдугаар сарын 01-ний өдрөөс өмнө сум, дүүргийн ИТХ хуралдаж хэсэг байгуулдаг. Аймгийн төв, нийслэлийн дүүргүүдэд 3000 хүртэл сонгогчтой хэсэг байж болдог бол бусад газруудад дээд тал нь 1000 сонгогчтой байдаг. Сонгуулийн хэсгийн хороодоо байгуулсаны дараа мэдээллээ улсын бүтгэлийн байгууллагат хүргүүлдэг. Улсын бүртгэлийг байгууллагаас тухайн хэсгийн сонгогчийн нэрийн жагсаалтыг зоож эхэлдэг. Газар нутаг дээр байнга оршин суугаа хаягын бүртгэлийг үндэслээд сонгогчийн нэрсийн жагсаалт үйлддэг. Ингээд дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс www.Burtgel.gov.mn сайтад регистрийн дугаараа оруулахад аль хэсгийн хороон дээр бүртгэлтэй байна, овог нэр зөв байгаа эсэх гэх мэт мэдээлэл харагддаг байсан. Тэгвэл энэ удаа таны хаяг дээр байгаа бусад хүмүүсийн мэдээлэл хамт гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, манай хаяг дээр олон хүн бүртгэлтэй байна гэх гомдол санал гардаг учраас тухайн хаяг дээр өөр хэн нэгэн бүртгэлтэй байвал гомдол гаргаж хасуулах боломжтой болсон. Өмнө нь санал авах өдрөөс 25 хоногийн өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, гомдол гаргахдаа хэсгийн хороон дээр ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтанд гомдол гаргадаг байсан. Тэгвэл одоо дөрөвдүгээр сарын 1-нээс итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллах учраас цахимаар болон улсын бүртгэл гэсэн ямар л байгуулллага байна тэнд очоод гомдлоо шийдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
-Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор шилжих хөдөлгөөнийг хязгаарлах нь хүний эрхийн зөрчил гэж үзэх иргэд бий. Шилжих хөдөлгөөнийг хэзээнээс зогсоох вэ, үүний шалтгаан юу вэ?
-Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авахаас 60 хоногийн өмнө зогсоодог. Хамгийн гол нь сонгуулийн үеэр яагаад шилжих хөдөлгөөнийг зогсоодог вэ гэхээр сонгогчийн нэрийн жагсаалтыг хөдөлгөөнгүй болгохын тулд зогсоодог. Сонгогчийн нэрийн жагсаалт гарчихаад байхад “Би хотоос хөдөө рүү, хөдөөнөөс хот руу шилжлээ” гэвэл нэрийн жагсаалтад хөдөлгөөн орох эрсдэлтэй учраас зогсоодог. Өмнө нь хоёрдугаар сарын 1-ний өдрөөс шилжих хөдөлгөөнийг зогсоодог байсан. Хугацааны хувьд эрт байгаа талаар иргэдээс санал гомдол их ирсэн учраас дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс зургадугаар сарын 28-ны өдөр дуустал хаягийн жилжилт хийгдэхгүй. Ингээд бүх улс төрийн нам эвслийнхэнд сонгогчийн нэрсийн жагсаалтыг 20 болон гурван хоногийн өмнө нийт хоёр удаа өгнө.
-Сонгуульд оролцох нам эвслүүдийн нэр хэзээ тодорхой болох вэ?
-Сонгуульд оролцох нам эвслүүд дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө СЕХ-нд хүсэлтээ ирүүлнэ. СЕХ тухайн нам эвсэл шаардлага хангасан бол бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Энэ үед ямар нам сонгуульд оролцох нь тодорхой болно. Харин намууд тавдугаар сарын 14-20-ны өдрийг дуустал нэр дэвшигчдээ дотооддоо сонгон шалгаруулж, зургадугаар сарын 10-ны өдөр бүх нэр дэвшигчдийг СЕХ-ноос үнэмлэх олгож, албан ёсоор нийтэд мэдээлнэ. Нэр дэвшигчийн үнэмлэх гардан авснаас хойш албан ёсоор сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Өмнө нь нэр дэвшигч нарт үнэмлэх олгосоноос гурав хоногийн дараа сурталчилгаа эхэлдэг байсан. Тэгвэл энэ зөрүүг арилгаж үнэмлэхээ гардаж авсан цагаасаа сурталчилгаагаа эхлүүлэх боломжтой болсон. Өмнө нь сурталчилгааны үргэлжлэх хугацаа 21 хоног байсан бол энэ жил 17 хоног байхаар тогтсон.
-Сонгуулийн жил эхэлснээс хойш элдэв бэлэг сэлт, эд зүйл тараахыг хориглодог. Намрын чуулган завсарласан энэ үед УИХ-ын гишүүд тойрогтоо очиж ажлыгн тайлангаа тавьдаг. Энэ үйл явц хуулиар хориотой юу?
-Сонгогчийн санал татах зорилго агуулсан бол уралдаан, тэмцээн, баяр, наадам элдэв янзын үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Харин сонгогчийн санал татах зорилго агуулаагүй бол хориглохгүй. Одоо бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүдийн хувьд сонгогчиддоо ажлын тайлангаа тавих үүрэгтэй. Тиймээс тайлангийн сэтгүүл, тараах материал тарааж болно. Харин тайлангийн сэтгүүлтэй хамт элдэв бэлэг сэлт, эд материал тарааж болохгүй. Энд бас нэг зүйлийг тодотгоод хэлэхэд УИХ-ын гишүүд төсөвт тусгагдсан арга хэмжээ эмнэлгийн тоног, төхөөрөсж, автомашин зэргийг шинэчлэх бол хууль зөрчсөн үйлдэлд орохгүй. Харин төсөвт тусгаагүй хөтөлбар, арга хэмжээ бол иргэдийн саналд нөлөөлөх үйлдэл гэж үзнэ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр улстөрчийн чансаа тогтоох зорилготой аливаа төрлийн санал асуулга зохион байгуулах,нийтлэхийг хориглосон. Мөн зургадугаар сарын 10-наас өмнө хийсэн нэвтрүүлгээ дахин давтаж гаргахыг хориглоно. Нэг ёсондоо сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаа учраас нэр дэвшигчдэд тэгш боломж олгох нь чухал. Бэлэг сэлт бэлэн мөнгө тараахтай холбоотойгоор дахин нэг зүйл сануулж хэлэхэд тухайн нэр дэвшигч бэлэн мөнгө тараасан гэдгийг баримтаар баталгаажуулж өгсөн мөнгөнийх нь хэмжээг 20 дахин нэмэгдүүлж урамшуулал авах боломжтой. Энэ талаар Сонгуулийн тухай хуульд заасан.
71 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны зөрчлийн талаар мэдэгдэх
71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
71.2.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
-Тэгш боломж гэснээс сурталчилгааны самбарыг нэгдсэн журмаар байршуулах шийдвэр гаргасан. Бүх нэр дэвшигчид нэг самбар дээр зургаа байршуулна гэж ойлгож болох уу?
-Гудамжаар нэг хөглөрсөн олон самбаруудыг болиулж нэгдсэн нэг самбар ашиглуулахаар болсон. Тухайн самбарыг сум, дүүргийн Засаг даргын тамгын газраас бэлдэх юм. Тухайн намаас нэр дэвшигч өөрийнхөө зургийг оноож өгсөн зай талбайд байршуулна. Өмнө нь нэр дэвшигч бүр сурталчилгааны самбар байршуулдаг байх үед хамгийн багадаа 70-80 мянган самбар байршуулдаг гэх судалгаа гарсан. Тэгэхээр энэ хэрээр гудамж талбайд хөглөрсөн байдал бий болдог гэсэн үг. Харин нэгдсэн самбарын хувьд улсын хэмжээнд 1700 орчим байх тооцоо гарсан. Тухайлбал суманд нэгдсэн самбар хоёр ширхэг, аймгийн төвд 5, хороонд 4 ширхэг самбар байршуулахаар тогтсон. Харин хэмжээний хувьд нарийвчлан заагаагүй. Учир нь тухайн тойрогт хэдэн намаас хэдэн хүн нэр дэвшихээс хамаарч хэмжээ нь тогтохлор байна. Тухайлбал, 10 мандаттай газар таван намаас нэр дэвшигч дэвшинэ гэвэл нийт 50 хүний зураг багтахаар самбар байршуулна гэсэн үг. Энэ бол Япон, Солонгост нэлээд ашиглагддаг сайн туршлага. Мөн сонгуулийн зардлыг бууруулах болон сонгогч мэдээллийг цэгцтэй авах боломжоор хангагдах юм.
–Сонгуулийн дүнг гараар давхар тоолох уу?
-Хяналтын тоолллогыг 100 хувь гараар тоолно. Тойрог томоорсон учраас олон нэр дэвшигчийн нэр байгаа учраас хяналтын тооллого хийх процесс, зохион байгуулалтыг сайжруулахад анхаарна. Мөн хяналтын тооллогын үеэр сонгогчид өөрсдөө хяналт тавих боломжтой. Хэвлэл мэдээллийн байгууллагын шууд дамжуулалт хийх эрх нь ч нээлттэй.
-Цахим орчин дахь зохицуулалттай холбоотой мэдээллийг тодруулж өгөөч. Хувь иргэн өөрийн цахим хуудсаараа сонгуулийн сурталчилгаа хийсэн тохиолдолд СЕХ-нд цахим хуудсаа заавал бүртгүүлэх үү?
-Цахим орчин ашиглаж сонгуулийн сурталчилгаа явуулахад ганцхан зарчим бий. Тэр нь та цахим хаягаа бүртгүүлчих тэгээд л болоо. Бүртгүүлж байгаа нь хянаж, цагдах гээд байгаа зүйл огтхон ч биш. Харин таныг хамгаалах гээд байгаа юм. Өөрөөрөө жишээ авъя л даа. Би Бат-Эрдэнэ гээд нэр дэвшигч байлаа. Гэтэл надтай яг ижил нэртэй, яг ижил контент, зураг, бичлэг оруулж байсан цахим хуудас санал авах өдрийн өмнө тухайн хүнийг самарсан утга бүхий зураг, бичлэг оруулдаг. Саяхан Чили улсын сонгуулийн үеэр “AI ашиглаад пивоны үнийг 10 дахин нэмэгдүүлнэ” гэсэн утга бүхий бичлэг цацсан нь сонгуулийн дүнд нөлөөлсөн. Энэ мэт эрсдэл гарахаас сэргийлээд байгаа юм. Хэрэв бүртгүүлээгүй хуудас байвал тэр хуудсыг хааж өгөх талаар хүсэлт өгч болно. Түүнчлэн хэн нэгнийг дэмжиж, саналаа өгөх талаар ярих эрх бүхий этгээд ньухаалагч, шадар туслагч, менежер гэх мэт сонгууль эрхэлсэн байгууллагаас үнэмлэх авсан хүмүүст л тийм эрх бий. Та үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ бусдад өөрийн үзэл бодлыг тулган шаардах, бусдын үзэл бодолд нөлөөлөх ёсгүй.