Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Зайсан, Богд ууланд баригдсан үнэтэй хауснаас татвар авч, нийслэлийн төсвийг бүрдүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Одоогоор дээрх хаусанд хэдий хэмжээний үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулж, нийслэлийн төсвийг зузаатгах вэ гэдэг тодорхойгүй байна. Учир нь, эхлээд үл хөдлөх хөрөнгийн тооллогыг явуулна. Түүний дараа татвар тогтоох юм.
Сануулахад, өнгөрсөн оны сүүлээр НИТХ хуралдаж, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ тогтоох хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлж, 0-2 хувь байхаар зааж өгсөн. Ингэснээр Налайх, Багануур, Багахангай дүүрэгт харьяалагдах үл хөдлөх хөрөнгөд 0.6 хувийн татвар ногдуулахаар, бусад төвийн зургаан дүүрэгт 0.8-1 хувийн татвар ногдуулахаар тусгасан. Иймээс 2 хувийн татварыг Богд уул болон Зайсанд баригдсан хаусанд тогтоож мэдэхээр байгаа юм.