Хүн төрөлхтөнд цар тахлын шинэ аюул нүүрлээд байгааг эрдэмтэд анхааруулж байна. Хойд туйлын мөнх цэвдэгт буй эрт дээр үеийн вирусүүд дэлхий дулаарсны улмаас гарч ирж, өвчний томоохон дэгдэлт үүсгэж магадгүй гэж судлаачид анхааруулжээ.
Эрдэмтдийн Метусела эсвэл зомби гэж нэрлэж буй эдгээр вирусүүд нь шинэ өвчлөлөөр бус эрт дээр үед тархаж байсан өвчнөөр дэлхий даяар халдвар тарааж магадгүй юм. Хойд туйлын мөнх цэвдэг хайлсны улмаас гарч ирсэн хэд хэдэн вирусийг судлаачид тусгаарлаад байна.
Мөнх цэвдэг хайлсаар байгаа тул мэргэжилтнүүд эртний бичил биетүүдээс үүссэн өвчний тохиолдлыг бүртгэх хяналтын сүлжээ байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү сүлжээ нь эртний вирусийн дэгдэлтийг зогсоож мөн халдвар авсан хүмүүсийг тусгаарлан, мэргэжлийн эмнэлгийн тусламж үзүүлж халдварыг бүс нутгаас гарахаас сэргийлэхэд туслах юм.
Aix-Marseille их сургуулийн генетикч Жан-Мишел Клавери “Цар тахлын эрсдэлийг шинжлэх судалгаа өмнөд бүс нутгаас халдвар үүсгэгч хойд зүгт тархаж болзошгүй нөхцөл байдлыг авч үздэг. Гэвч алс хойд хэсгээс өмнөд зүг рүү чиглэж болзошгүй дэгдэлтэд бага анхаарал хандуулж байна. Хойд бүсэд хүмүүст халдварлан шинэ өвчин үүсгэх чадвартай вирусүүд бий” гэж хэлжээ.
2014 онд Клавери Сибириэс тусгаарлан авчирсан вирусүүд нэг эст организмд халдварлах чадвартай гэдгийг харуулсан судалгааг ахалж явуулсан юм. Харин өнгөрсөн жил хэвлэгдсэн нэгэн судалгаа Сибирь дэх долоон өөр газарт хэд хэдэн өөр вирусийн омог байгааг илрүүлж, өсгөвөрлөсөн эсүүдэд халдах чадвартайг нь харуулсан байна.
Роттердам дахь Эрасмус эмнэлгийн вирус судлаач Марион Купманс ч гэсэн мөнх цэвдэг хайлснаар гарч ирж буй вирусүүдийн талаар анхааруулсан байна. Тэрбээр “Мөнх цэвдэгт ямар вирус байгааг мэдэхгүй, гэхдээ халдварт сааны эртний хувилбар гэх мэт өвчний дэгдэлтийг үүсгэх чадвартай вирус байх эрсдэл өндөр. Ийм зүйл болох магадлалтай гэж таамаглах хэрэгтэй” гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian